-Жил бүр үндсэн чиглэл баталж байна. Миний бодлоор жил бүр үндсэн чиглэл батлах шаардлагагүй. Засгийн газар байгуулагдаад УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар дөрвөн жил хийх ажлынхаа мөрийн хөтөлбөртөө үндсэн чиглэлээ батлуулна. Тэрнийхээ хүрээнд жил болгон төсвөө батлуулаад явах ёстой. Төсөв батлагдана гэдэг нь тэр жилийн Засгийн газрын хийх ажлын үйл ажиллагааны зардал орж байгаа. Одоо нэг үндсэн чиглэл гээд мөрөөдлийн жагсаалт шиг юм гаргаад байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр бэлэн байхад тухайн жилдээ ямар реформ хийх вэ гэдгээ хэлэлцээд түүндээ тохирсон төсөв баталж өгөөд явах боломжтой. Төсвийн хувьд бол 1990 оноос хойш 15 жил шахам алдагдалтай гарч байгаад 2005-2008 онд эерэг гарсан. Энэ хугацаанд эдийн засгийн өсөлт ч сайн байсан. Харамсалтай нь, зэс, алт мэт цөөхөн түүхий эдийн үнээс хараат байдаг манай улс энэ таатай нөхцөлийг ашиглаж чадаагүй. Тухайн орлого өндөр үедээ бага ч гэсэн хуримтлалтай болох боломж байсан. 2009 оны эдийн засгийн хямрал гэх хэцүү л дээ. Эдийн засгийн есөлтийн саарал гэсэн нь дээр байх. Энэ үеэр энд тэндээс мөнгө гуйгаад явах биш. Өндөр орлоготой үеийн хуримтлалаа ашиглаад явах ёстой байсан. Гэтэл төсвийн тодотгол хийсээр жилээ барсан.
-Энэ жилийн төсвийн төсөл хэр байв?
-Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төсөл муугүй төсөл байсан. Харин УИХ дээр орж ирээд тааруухан болсон. Энэ нь нөгөө л сонгуулийн үеийн хариуцлагагүй амлалтаас болсон. Бэлэн мөнгө тараахын тулд хүүхдийн мөнгийг байхгүй болголоо. Мөн Оюу толгойгоос авсан 150 сая ам.доллар, хүүхдийн мөнгийг байхгүй болгосон 100 тэрбум нийлээд 320 тэрбум төгрөг болж байгаа. Үүнийгээ Хүний хөгжлийн санд төвлөрүүлээд хүн болгонд хувааж өгөх бодлого явж байна.
-100 сая доллар гэсэн. 50 яагаад нэмэгдэв?
-2009 онд 100, 2010 онд 50 сая орж ирэх ёстой гэсэн. Эрх баригчдын бэлэн мөнгөний амлалт төсвийг эвдээд байна. Хэдийгээр ажилгүй иргэдэд бага ч гэсэн мөнгө хэрэгтэй байгаа боловч энэ их мөнгийг тарааснаас ажлын байр мэтийн томоохон зүйлд зарцуулах нь зөв биз дээ. Гэтэл нөгөө амлалт нь чангаагаад төсвийг үнэгүйдүүлж байна. Тогтвортой хөгжил гэдэг бол ажлын байр, өндөр бүтээмж түүндээ тохирсон сая төгрөгийн цалин шүү дээ. Тэрнээс төр нь хамаг юмыг хурааж авчихаад буцааж цацаад байх нь зөв бодлого биш, Оюу толгойгоос 100 саяыг бэлгэнд аваагүй. Энэ зээлийг буцааж гурван хувийн хүүтэй төлнө. Гэхдээ Оюу толгойг ашиглаад Монголын тал ногдол ашгаа авах цагт суутгаад эхэлнэ. Энэ чинь банкнаас зээл аваад хүмүүст тараагаад байна гэсэн үг. Хүн чинь банкнаас зээл авахаараа ашиглаад зээлээ буцааж төлдөг биз дээ.
-Цаашид яах ёстой вэ?
-Одоо нэгэнтээ амласан бол биелүүлэхийг л хичээх нь зүйтэй. Цаашдаа мөнгөний амлалтаас татгалзах хэрэгтэй л дээ.
-Таны зэсийн үнийн зөрүүгээр хуримтлал үүсгэх санал дэмжигдсэн үү?
-Дэмжигдсэн, 2010 оны төсөвт цөөнх гэлтгүйгээр бидний саналаар ахиц гарсан. Тэр нь юу вэ гэвэл зэсийн үнэ төсөвт тусгагдсан хэмжээнээс дээш гарвал Засгийн газар түүнийг авч идэхгүй. Хуримтлал бий болгоно. УИХ тогтоол гаргасан. Хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Ер нь бол Засгийн газрын өргөн бариад байгаа "Төсвийн тогтвортой байдлын тухай" хуулийг УИХ батлаад өгөөсэй гэж бодож байгаа. Гэхдээ байдлыг харахад батлахгүй бололтой байна.
-Баталчихвал ямар ашигтай вэ?
-Зэсийн үнийн хэлбэлзлээс төсөв хараат бус болно. Мөн УИХ зэсийн үнийг тогтоогоод байдаг тэр байдал арилна. "Төсвийн тогтвортой байдлын тухай" хууль нь УИХ-ын эрх мэдлийг жаахан багасгана. Гэвч намрын чуулганаар батлахгүй шинжтэй байна.
-Төсвийн реформ хийх багц хуулиудын тухай яриад чимээгүй болчихлоо.
-Би төсвийн реформыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ хүрээнд дэмий юм хийгээд байгаа юм.
-Жишээлбэл…
-76 тэрбум төгрөгийг гэнэтхэн оруулж ирж баталсан. Энэ мэт хэрэггүй юмнаас УИХ нэр хүндээ унагаж байгаа хэрэг. Хэдийгээр тэр нь хуулийн хүрээнд л захиран зарцуулагдах боловч гишүүдийн зарцуулах мөнгө гэж ойлгосон. Хэвлэл мэдээлийнхэн тэгж ойлгуулсан. Ер нь бол орон нутагт зарцуулах мөнгийг Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нь өгчих хэрэгтэй гэж боддог. Энэ 76 тэрбум төгрөг чинь гишүүдийн нэрийг унагахаас гадна төсөвт итгэх итгэлийг бас сулруулаад байгаа. Одоо зарим нь төрд шургачихвал төсвөөс чөлөөтэй идэж болох юм шиг ойлголттой болчихоод байна. Үнэндээ цөөхөн ч гэсэн сөрөг хүчин байхад тийм ч чөлөөтэй идэхгүй л дээ.
-Засгийн газар дуртай үедээ УИХ-аас бонд гаргах зөвшөөрөл авч байна?
-Ер нь бол бонд гаргах үзэгдэл Засгийн газруудад байдаг. Манайх ч энэ зарчмаар л явж байгаа. Гэхдээ хамгийн сүүлд гаргасан банкны 100 тэрбум төгрөгийн бондыг хэрэггүй гэж үзэж байгаа. Өмнө ч гаргаж л байсан. Харин энэ жил бондын хэмжээ шаардлагатай хэмжээнээс хэтрээд байх шиг байгаа юм.
-Цөөнхийн цөөнх гэсэн нэр та нарт зохих болов уу?
-Уг нь бид цөөнх л дөө. Гэхдээ АН бас заримдаа өөрийгөө цөөнх гэдэг. Цөөнхийн зовлон гэж байдаг. Ялангуяа 2000-2004 онд бол ганц ч санал сонсдоггүй, дэмждэггүй байсан. Одоо бол тэр үеийг бодвол арай гайгүй. Хааяа нэг санал ороод байна шүү. Гэхдээ хоёр бүлэгдээр шийдчихсэн гээд санал хэлээд нэмэргүй тохиолдол олон бий. Тэглээ гээд хаячихаж болохгүй л дээ. Ард маань сонгогчид байдаг учраас тэдний саналыг хэлээд л явж байгаа.
ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ УЛСТӨРИЙН ЭРМЭЛЗЭЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ
-Таны ахын амь насыг хөнөөсөн хэрэг илрэхгүй удаж байна. Юутай холбоотой гэж бодож байгаа вэ?
-Анх би хэрэг илэрчих байх гэж найдаж байсан. Төрийн өндөрлөгүүдэд хандаад бичиг, захидал илгээгээд нэлээд хардаг байсан. Тэр үеэс ер нь зай барьсан хандлага ажиглагдсан. Ер нь хэргийг илрүүлэх улс төрийн хүсэл эрмэлзэл байна уу гэдэг асуулт бий. Ингээд нэлээд харсан бас л чимээгүй болсон. Нэгэнт дээд шатандаа ийм байгаа бол мэргэжлийн хүмүүс, байгууллагын хүрээнд нэлээд ажил хийгдэж байгаа байх гэж бодож байсан. Гэхдээ мэдээлэл байхгүй болохоор хэн нь илрүүлэх гээд яваад байгаа, хэн нь хүсэлгүй байгаа гэдгийг мэдэх боломжгүй л дээ.
-Асуухаар юу гэдэг юм?
-Шалгаж байгаа л гэдэг. Зарим сэжүүр байна гэнэ. Тэгээд шалгаад нотлогдсонгүй гэдэг. Миний анхнаасаа хэлж байсан үг бий. Энэ хэргийг илрүүлэх улстөрийн хүсэл эрмэлзэл байвал ахиц гарна.
-Хэнд тийм хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй вэ?
-Эрх баригчдад. Нэгэнт эрх баригчдад тийм хүсэл эрмэлзэл байхгүй бол мэргэжлийнхэн байх боломжгүй байдаг юм болов уу гэж боддог. Анх би энэ хэргийн талаар ямар нэгэн таамаг дэвшүүлэх нь зохимжгүй гэж боддог байсан. Угаасаа мэдэхгүй байсан. Яагаад гэвэл гадаадад олон жил байсан. Олон нийтийн мэдээллийг шууд Зориг ахаас авдаггүй байсан. Харин хэрэг гарсны дараа л янз бүрийн зөрчилтэй байсан гэх мэтийн олон мэдээлэл шууд бусаар орж ирдэг байсан. Тиймээс хэн нэгэн хүний үгээр ч юм уу, ямар нэгэн сонссон мэдээллээр таамаг дэвшүүлнэ гэдэг утгагүй байсан юм.
-Харин одоо?
-Олон жил илрэхгүй болохоор өөрийн эрхгүй улс төрийн сэдэлтэй байсан юм болов уу гэж бодож эхэлдэг юм байна. Хэрэв ахуйн сэдэлтэй байсан бол илэрчих байх гэж бодоод байгаа юм. Манайхан чинь хүн амины их өндөр хувьтай илрүүлдэг гэж ярьдаг. Тэр нь ч үнэн байх. Гэхдээ ер нь хараад байхад хүмүүс энэ хэргээс холхон байя гэсэн байдал харагдаад байгаа юм.
-Алтангэрэл гишүүн энэ хэргийн талаар асуулга тавьсан гэсэн.
-Тэгсэн. Надад тэр талаар ярьсан. Алтангэрэл гишүүн Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон. Зориг ах бас тэндээс сонгогдож байсан. Манай аавын нутаг. Тэгээд гишүүн тойрогтоо очоод уулзалт хийх болгонд сонгогчид хэргийн тухай асуудаг гэсэн.
-Хэнд асуулга тавьсан бэ?
-ХЗДХ-ийн сайдад. Гэтэл бас л нууцын зэрэглэлтэй, танилцуулж болохгүй гэсэн хариу өгсөн.
-Олон улсын парламентын холбоо бас нэг санал тавьсан гэдэг?
-2001 оноос хамтран ажиллах санал тавьсан юм билээ. Сүүлийн нэг хоёр жилээс мэдээлэл солилцох мэтээр хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм шиг байна. Бас л нэг сул байгаад байгаа юм. Алтангэрэл гишүүн бид хоёр нэг зовлонтой л доо. Түүнээс сонгогчид, надаас иргэд асуудаг хэргийн илрүүлэлт юу болж байна гэж асуудаг. Гэтэл бидэнд жирийн иргэдээс илүү нэг ч мэдээлэл байдаггүй. Ер нь бол хуулиар нууцалснаас бусад мэдээллээ УИХ-д ч юм уу, байнгын хороонд өгч болмоор санагдаад байгаа юм.
МОНГОЛЫН УЛС ТӨРИЙГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ ГЭЖ НАМ БАЙГУУЛСАН
-Тухайн үед С.Зоригийн олонд танигдаагүй дүү АН-ын суудлыг баталгаажуулсан боловч, өөр нам байгуулсанд олон хүн гайхаж байсан?
-ИЗН байгуулагдаад 10 жил болж байна. Бид Монголын улс төрийг шинэ түвшинд гаргахыг зорьсон. Хөрөнгө орлогын мэдүүлэг, хэвлэлийн эрх чөлөө хаалттай байсан. Авилгатай тууштай тэмцэх, хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй байсан. Би анх улс төрд ороод улс төрийг ил тод болгох, илүү нийгэмд хүртээмжтэй болгох хэрэгтэйг мэдэрсэн. Тэр үед энэ бүхнийг хийх хүсэл зориг, эрмэлзэл чадвар МАХН, АН-д байхгүй юм байна гэж ойлгосон. Тийм учраас бид тусдаа нам байгуулах нь зөв гэж үзсэн.
-Тэгж ойлгосон уу, ойлгуулсан уу?
-Тэгж ойлгосон. Улс төрд оронгуутаа хэн нэгний үгээр яваад байгаагүй. УИХ-ын гишүүнээр сонгогдоод жил хагас болсны дараа бид намаа байгуулсан. Тодорхой улс төрийн ойлголттой болсон байсан. Жишээлбэл аль 1999 онд өргөн баригдсан Авлигатай тэмцэх хууль дарагдаад хэдэн жил болсон. Мөн ардчилсан хүчин эрх барьж байхдаа Засгийн газруудаа огцруулаад л, ахын хэрэг дээр хүчин чармайлт нь сулраад л… Иймэрхүү байдал өөрөө тусдаа нам байгуулах шийдвэр гаргахад хүргэсэн.
-ИЗН-ын бусад намаас ялгаатай байр суурь юу вэ?
-Өнөөдөр сонгууль хоорондын хүчин зүйл мөнгө болчихоод байна. Сонгуульд бодлого биш мөнгө ялдаг тогтолцоо үүсчихээд байна. Хэдийгээр гаднаас харахад олон намын, байнгын парламенттай, ардчилсан тогтолцоотой гэж ярих боловч дотор нь ороод харвал сонгууль шударга бус явагдаж байна. Сонгуульд мөнгөний нөлөө их байна гэдэг нь сонгууль өөрөө авлигын нэг талбар болчихоод байна гэсэн үг л дээ. Хуулинд гоё гоё заалтууд бий. Мөнгө тарааж болохгүй. Телевизээр тэгш сурталчилгаа явуулах, бие биеэ гүтгэхгүй гэх мэт. Гэхдээ энэ нь хэрэгжихгүй байгаа. Энд нөгөө л хоёр намын улс төрийн хүчин чармайлт дутагдаад байгаа юм. Ингэхээр авлигатай тэмцэх хэцүү болчихоод байгаа юм.
-Танай нам юу хийж байна?
-Бидэнд дуугарахаас өөр чадал алга. Гэхдээ олон жил эрх барьж байгаа хоёр намд байгаа эрүүл саруул хүчин ширээний ард сууж байгаад ярих цаг болсон. Цаашдаа ийм байдал үргэлжилбэл сонгууль, улс төр, бодлого бүгд мөнгөн дээр тогтдог болно. Төрийн бодлого тодорхойлогдохоо больж шууд авлига, эрх мэдэл дээр тогтдог болно. Энэ бүх буруу зуршлаас салахыг эхлээд бид эрх баригч намуудад санал болгож байгаа юм.
-Сонгуулийг пропорциональ системээр явуулах тухай яригдаж байна?
-Манай намын мөрийн хөтөлбөрт энэ тухай байгаа. Дэмжинэ. Энэ систем нь сонгогчдын саналыг хаядаггүй, парламентад бодит тусгалаа олдог давуу талтай. Мөн зохиомол савлагаа үүсгэдэггүй.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-Жишээлбэл 2000 онд МАХН нийт сонгогчдын 53 хувийн санал авсан. Гэтэл парламентын суудлын 95 хувийг авсан байна. Гэтэл өмнөх сонгуулиас сонгогчдын 10 хувь нь саналаа өөрчилсөн байсан. Бас нөгөө тойргийг мөнгөөр угжаад байдаг нэр дэвшигчид Монгол даяар арай цацаад байхгүй байх гэж найдаж байна.
-Хэрэв өнгөрсөн сонгууль пропорциональ системээр явсан бол танай нам хэдэн суудалтай болох байсан бэ?
-Гадны байгууллагын судалгаагаар пропорционалиар сонгууль явуулсан бол манай нам долоо, ногоонтнууд болон иргэний эвсэл хамтраад төдий тооны суудал авах байсан. Одоогийн МАХН-ын суудал арваар хорогдож, АН дээр нэмэгдэх байсан гэж гарсан.
-Бусад нам ямар байр суурьтай байгаа бол?
-Би сонгуулийн хуулийн ажлын хэсэгт байгаа. Намар АН, МАХН хоёулаа пропорционалийг дэмжиж байна гэсэн санал ирүүлж байсан. Гэхдээ бүлэг биш төв намууд нь. Одоо харин ажиглаж байхад хувь гишүүдийн зүгээс дэмжлэг саарч байгаа юм ажиглагдаж байна. Улс орны эрх ашиг талаас биш хүний ашгийг тооцоод явчихвал дэмжигдэхгүй ч юм болов уу гэсэн бодол төрөөд байна л даа. Шинэ Зеландын улстөрчид олон жил пропорционалийг сонгож зүрхлэхгүй байсаар ард нийтийн санал асуулгаар өөрчилсөн гэсэн.
-Ерөнхийлөгч цаазын ялыг халах санал гаргаад гадаад ертөнцийн дэмжлэг их авч байна. Энэ асуудал дээр танай нам?
-Зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ зэрэгцээд хүний аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа. Би өөр дээрээ зовлон үзсэн хүний хувьд хүний амьдарч, ажиллах аюулгүй орчинг эхлээд хангах хэрэггэй. Төрийи зүтгэлтнийг гэрт нь амь насыг хөнөөсөн хэрэгтэн олдоогүй байна. Дээр нь төрийн хамгаалалттай яаманд гэгээн цагаан өдрөөр төрийн албан хаагчийг хөнөөсөн явдал гарсан. Энэ байдлыг таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ тухайгаа ч Ерөнхийлөгчид цухас дурдсан.
-Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжсэн нэр дэвшигч ялсан. Хэрхэн хамтран ажиллаж байна?
-Ерөнхийлөгчийн томоохон салбар болох нийгэм, соёлын салбарын зөвлөх манай намын гишүүн Болд байгаа. АН-тай орон нутгийн сонгуульд зарим хэсэгт хамтран ажилласан.
-Цаашид АН-тай нэгдэх боломж бий юу?
-Сонгуулийн тогтолцоо энэ хэвээр үргэлжилбэл нэгдэхээс өөр зам байхгүй. АН чинь өөрөө их олон нэгдэл. Сонгууль болгоны дараа намууд нэгддэг. Энэ чинь нэгдэхгүй бол болохгүй гэдгийг харуулаад байгаа юм. Нэгдэх бол амархан. Гэхдээ Монголын нийгэмд энэ хоёр намд санал өгдөггүй 10-20 хувь байдаг.
-Ерөнхийлөгчийн засаглалыг хэрхэн үздэг вэ?
-Манай нам дэмждэггүй. Бид мөрийн хөтөлбөртөө аливаа засаглалын тогтолцоог ард түмнээр шийдүүлнэ гээд заачихсан.
МӨНГӨНИЙ ХЭРЭГ БОЛООД ХУВЬЦААГАА ЗАРСАН
-РИО ТИНТО-гийн хувьцаатай гэдэг. Хэвээрээ юу?
-1996-1998 онд ажиллаж байхад тэр компани ажилчдадаа хувьцаа санал болгодог жишгийн дагуу 2000 долларын хувьцаа авсан. Жижиг хувьцаа гэдэг юм. Миний нэг сарын цалинд ч хүрэхгүй. Ашгийг нь ч авсан. Тэгээд Монголд ирснийхээ дараа мөнгө хэрэг болоод зарсан. Тухайн үед түүхий эдийн үнэ унасан байсан болохоор ашигтай зарж чадаагүй. Одоо бол 10 мянгаад доллараар зарагдах боломжтой.
-Яаж яваад тэр том компанид монгол хүн ажилд оров?
-Кембрижийн их сургуульд уул уурхайн чиглэлээр докторын зэрэг хамгаалаад тэр компанийн судалгааны албанд ажилд орсон. Тэр үедээ анхны монгол хүн болохоос одоо бол хэд хэдэн монгол хүн ажиллаж байгаа.
-Уул уурхайн мэргэжилтний хувьд төрөөс явуулж байгаа бодлогыг хэрхэн дүгнэж байна?
-Одоо 1996 онд батлагдсан Ашигт малтмалын хуулийг муулаад байна. Тэр үед дэлхий даяар ашигт малтмалын үнэ унаад уурхайнууд хаагдаж байсан. Алт нэг унци нь 250 доллар байсан. Одоо мянга гаруй доллар болчихоод байна. Мөн тэр үед дэлхий даяар хайгуулд зарах мөнгө 40 хувиар багассан. Тийм хүнд үед тэр хуулиар л манайд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Хөрөнгө оруулалтыг татахад чухал нөлөө үзүүлсэн хууль л даа. Тэр ч бүү хэл алтны мэдээлэл нууц байсан. Одоо бол гэнэтийн ашгийн татварын хууль гаргасныг эс тооцвол уул уурхайн бодлого зөв явж байна гэж боддог.