Стресс тест банкуудын тогтвортой байдлыг хангаж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Стресс тест банкуудын тогтвортой байдлыг хангаж байна

Европын Банкны хяналтын хорооноос евро бсүийн 91 банкинд ирээдүйд учирч болох хямралд бэлэн байгаа эсэхийг шалгах стресс тест явуулсан билээ. Энэ нь нэг талаараа хөрөнгө оруулагчдыг Европын санхүүгийн салбарын эрүүл байдалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор авч буй арга хэмжээ юм. Шалгалт, туршлагаар банкууд ирээдүйд учирч болох эдийн засгийн хямралын дарамтыг давж гарах бэлтгэл хэр байгааг туршсан байна.

Туршилтад санхүүгийн тог­толцоо  нь эмзэгт тооцогдох болсон Герман, Испани тэргүүтэй орны банкууд ч хамрагдсан билээ. Зөвхөн Испаниас гэхэд 27 банк туршилтад орсон нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нурж буйтай холбоотойгоор гадны зээлдэгчид нь нэлээд хэмжээний алдагдал хү­лээх болсонтой холбоотой аж. Мэдээж хэрэг гадаад өрийн хям­ралын давалгааг эхлүүлсэн Грекийн томоохон банкууд стресс тестэд хамрагдах нь эн тэргүүний зүйл байв. Стресс тестийн шалгуурыг амжилттай давахын тулд өгөгд­сөн тухайн нөхцөл байдлын ху­вилбаруудад банк бүрийн үндсэн хөрөнгө хангалттай өндөр байгаа эсэхийг голчлох аж. Цаашлаад эдийн засгийн өсөлт хурдацтай яваа үед гэнэтийн хямрал болох, Засгийн газрын бондын зах зээл хямрах зэрэг нөхцөлийг ч гарган ирж байгаа юм. Анх стресс тест явуулах болсон сургаар л хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, томоохон банкны тэргүүнүүд шалгалтыг давж чадна хэмээн итгэл төгс зарлаж байсан. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн байгууллагуудын хувьцааны арил­жаа нэмэгдэж, ханш нь ч өсч байв.

Европын Банкны хяналтын хорооноос стресс тестийн дүнг энэ долоо хоногийн эхээр зарласан. Үүний дараагаас еврогийн ханш чангарч, Азид хувьцааны арил­жаа нэмэгдэх болсон юм. Харин шалгалтын дүнгийн тухайд Ев­ропын долоон жижиг банк тестийг давж чадсангүй. Испанийн “Diada”, “Espiga”, “Banca Civica”, “Unnim”, “Cajasur”, Германы “АТЕ” банкууд сорилтыг даваагүй аж. Тус банкууд үндсэн хөрөнгөө 4.5 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэх хэрэгтэй болохыг шалгах хо­рооны­хон анхааруулжээ. Гэхдээ тэдгээр нь жижигхэн банкууд учраас бүхэл бүтэн санхүүгийн тогтолцоог тө­лөөлж чадахгүй хэмээн хөрөнгө оруулагчдыг тайвшруулахаа ч мартсангүй.

Харин эдийн засагчид стресс тестийн талаар янз бүрийн дүг­нэлт хэлж байна. Заримынх нь үзэж буйгаар энэ удаагийн тур­шилт шалгалт хангалттай хатуу байж чадаагүй аж. “Морган Стэнли” санхүүгийн байгууллагын шин­жээчид “Банкуудад хамгийн ихдээ 27 тэрбум еврогийн үндсэн хөрөнгө шаардлагатай байхад Герман, Ита­лийн банкууд энэ үзүүлэлтэд хүрэхгүй байгаа. Гэтэл тэдгээр банкийг стресс тестийг давсанд тооцож байгаа нь төдийлөн оновчтой биш” хэмээн дүгнэжээ. “RBS”-ийн эдийн засагчид “Стресс тестийн үр дүн хөрөнгө оруулагчдад нөлөөлж, банкны тогтолцоо эрүүл байгаа гэдэгт итгэх итгэлийг нь нэмэгдүүлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ жижиг банкууд сорилтыг давж чадаагүй. Энэ нь харилцагчидтайгаа тулж харьцдаг тогтолцоог асуудалтай гэх үндэслэл болох юм” гэжээ. Германы “Deutsche” банкнаас “Бид банкууд үндсэн хөрөнгийн харьцааг зургаан хувь гэхээс илүүтэйгээр бүр найман хувьд хүргэх шаардлагатай болсныг харж байна. Түүнчлэн зарим банкуудын нөхцөл байдлыг сайжруулах нь төвөгтэй байгааг ч анзаарч болох юм. Гадаад өрийн хямралд анхаарал хандуулахаас гадна арилжааны асуудлыг тоо­цох хэрэгтэй болжээ” хэмээн мэдээлсэн байна. Швейцарийн “UBS” банк “Стресс тест амжилттай болж өр, зээлийн зах зээлийг сэргээхэд тустай болно гэж тооцож байна” гэжээ. “Голдман Сакс”-аас “Стресс тест нь зах зээлийг капитал  хөрөнгөтэй холбоотой шаардлагатай мэдээллээр хангаж чадаж байна” хэмээн мэдээлсэн байна.

Стресс тестийн дүнд еврогийн ам.доллартай харьцах ханш чан­гарч, Европын холбооны Зас­гийн газрын бондын арилжаа ч нэмэгджээ. Өнгөрсөн даваа гарагаас эхлээд Испанийн Засгийн газраас гаргасан бонд чангарч, сүүлийн хэдэн сарын турш гадаад өрийн хямралын болгоомжлолоос болоод хөрөнгө оруулагчдаа ал­даад байсан европын банкуудын хувьцаа ч сэргэж эхэлсэн байна. Өчигдрийн байдлаар нэг евро 1.3006 ам.доллартай тэнцжээ.

Стресс тестийн нэгдүгээр түв­шинд хүрэхийн тулд банкуудын үндсэн хөрөнгийн харьцаа зургаан хувьтай байна гэсэн шалгуур тавьж буй аж. Харин стресс тестэд бүдэрсэн долоон банкны капиталын нөөц нь дутуу байна гэж Европын Банкны зохицуулалтын хороо мэ­дэгдсэн юм. Түүнчлэн шалгалтад хамрагдсан Германы Deutsce Bank”, “Postbank”, “HRE”, “DZ Bank” тэргүүтэй банкууд гадаадын Засгийн газрын бонд эзэмшилттэй холбоотой мэдээллээ ил болгохоос татгалзсан байна. Стресс тесттэй холбоотой шүүмжлэл гарах нэг үндэс нь шалгалтыг бүх банкинд нэг адил хийхийн оронд харилцан адилгүй хяналтын дор явуулсан гэх саналтай холбоотой юм. Харин Европын санхүүгийн зохицуулагчид өнгөрсөн онд АНУ-ын санхүүгийн тогтолцоонд явуулсан стресс тесттэй харьцуулахад гурав дахин чанга хэмжүүртэй болохыг онцолж, үр дүнд нь сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсээр байгаа юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж