Монгол дахь нууц уулзалтууд

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Монгол дахь нууц уулзалтууд

Монгол дахь нууц уулзалтууд

Японы лидер улстөрч Сузуки Мунэо, Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватра нар Улаанбаатарт сэм уулзсан нь олон улсад дуулианы гол сэдэв болж байна. Японы хэвлэл мэдээллийн сайтуудын онцлох “зочид” нь бүс нутагтаа нөлөө бүхий энэ хоёр эрхэм болов. Тэр тусмаа тус улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Сузуки Мунэог УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд нутагтаа урьсан нь Монголыг олон улсын ажиглагчдын анхааралд зүй ёсоор орууллаа. Тайландын эрх баригчдад “Оргодол, босуул” хэмээн адлагддаг ч Америк, Японд “Тайландын ардчиллын эцэг” хэмээн өргөмжлөгдсөн Таксин Чинаватраг Ардчилсан намын нөлөө бүхий лидерүүд Монголд ирүүлсэн. Тиймээс Улаанбаатар хотноо өнгөрсөн долоо хоногт болсон гурван улсын төлөөллүүдийн уулзалтыг “Ази дахь ардчилагчдын уулзалт” хэмээн нэрлэхээс өөр аргагүй юм.

Экс Ерөнхий сайд Таксин Чинаватра ноён Сузуки Мунэогийн байрласан зочид буудалд хүрэлцэн ирж, хоёр цаг уулзжээ. Таксины хувьд, эрх баригчдад “Засгийн газрын эсрэг босогч, улаан цамцтануудыг турхирагч” хэмээн буруутгагдаж буй ч Интерполын дансанд хараахан ороогүй юм байна. Тэрбээр Сузуки Мунэотой Бангкок хотноо өнгөрсөн хавар болсон эсэргүүцлийн хөдөлгөөний талаар ярилцаж, улс төрийн дэмжлэг хүсч буйгаа илэрхийлснийг Японы сэтгүүлчид онцоллоо.  Тайландын экс Ерөнхий сайд өнгөрсөн сард Японд очиж, Сузуки Мунэотой албан бус уулзалт хийхдээ улаан цамцтануудын үймээнийг зохион байгуулсныхаа шанд террорист үйлдэлд буруутгагдаад байгаагаа хэлжээ. Хоёр эрхмийн зургадугаар сард хийсэн эл уулзалт Япон, Тайланд, ер нь улстөрч Таксин Чинаватра, Тайланд орны зүг анхаарлаа хандуулж буй ажиглагчдын анхааралд хэт өртсөн учраас тэд энэ удаад буурь сэлгэж, Улаанбаатарт болзсон юм байна. Тэдний нууц уулзалтад хоёр талаас нийт 22 хүн байлцсан тухай мэдээлэл бий.

Сузуки Мунэогийн тухайд 2002 онд нэлээд дуулиан тарьсан улстөрч. Тэрбээр нэр бүхий компаниудаас нийт 11 сая иен авсан хэрэгт буруутгагдаж байсан нэгэн. Тухайн үед авлига авсан нь тогтоогдвол Сузукид 15 хүртэлх жилийн ял оноож, нэг сая иенээр торгохоо хуулийнхан эчнээ төлөвлөчихсөн байсан юм. Тэдний сэжиг таамаг ч ёсоор болж, Сузукиг баривчилсан. Өдгөө 62 настай нөлөө бүхий улстөрчийг авлигын хэрэгт холбогдсондоо харамсах зуур оросууд “Япон дахь Оросын бүлэглэлийн лидерийг баривчиллаа” хэмээн халаглаж байв. Учир нь хойд хөршийнхөн Сузуки Мунэог “Курилын талаарх маргааныг шийдвэрлэх гол түлхүүр” хэмээн хүндэлдэг. Орос, Япон улс өмнөд Курилын асуудлаар үг хэлээ ололцож чадахгүй ид бужигнаж байх үед Сузуки талуудын харилцааг зөөллөж, уг арал орчимд хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байсан гавьяатай улстөрч. Орос, Японы харилцаа, мөн Курилын тухай маргаанд Америк, Хятад, НАТО, Европын холбооны анхаарлыг татаж чадсан нь түүний нэр нөлөөтэй холбоотой юм. Энэ бүхний үр дүнд Японы Ерөнхий сайд асан Жуничиро Койзуми, ОХУ-ын Ерөнхий сайд асан М.Касьянов нар халуун дотноор гар барьсан түүхтэй.

Япон, Тайландын дуулиант улстөрчид Монголд уулзсан нь өөр учир шалтгаантай. Сузуки Мунэо Японы улстөрчид дундаас оросуудтай хэл амаа ололцохдоо гаргууд учраас түүнийг “Геостратегийн элч”-ээр илгээсэн нь ойлгомжтой. Өнгөрсөн оны хавар Орос, Япон улс Монголын ураны ордуудыг хамтран ашиглах тухай гэрээг үзэглэсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй. Товчхондоо, дээрх гэрээ архивын материал болон үлдсэн. Ийм атал япончууд Францын “Арева” групптэй ураны салбарт хамтран ажиллахаар шийдвэрлэсэн нь оросуудад Курилын арлаас ч эс юм болоод байгаа. Тиймээс ноён Сузуки монгол нөхдөөрөө дамжуулан оросуудтай зохицох оролдлого хийж эхэллээ. Энэ нь бас л урантай холбоотой нь дамжиггүй. Үүнийхээ хариуд тавдугаар цахилгаан станц барих, Хөшигтийн хөндийд нисэх буудал шинээр байгуулах ажилд туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ. Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Улаанбаатарт олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зээлийн гэрээний талаарх хэлэлцээрийг зөвшилцөх эсэх асуудлыг УИХ 2008 оны дөрөвдүгээр сард шийдвэрлэсэн. Төв аймгийн Хөшигтийн хөндийд нисэх буудал барихад нийт 28 тэрбум 807 сая иений зээл авахаар Монголын тал япончуудтай хэлэлцээр хийсэн юм. Азид томоохонд тооцогдох энэхүү нисэх буудлыг барих зээлийг Монголын Засгийн газар 40 жилийн хугацаанд төлөх учиртай. Ноён Сузуки энэхүү зээлийн хүүг багасгах, нөхцөлийг нь хөнгөвчлөх талаар Токиод очмогцоо холбогдох албаныханд уламжлахаа мэдэгджээ. Сузуки Мунэогийн адил нэгэн цагт авлигын хэрэгт буруутгагдаж, өдгөө төрийн эсрэг гэмт хэрэгтнээр нэрлэгдээд буй Таксин Чинаватра ч нөхдөдөө дуулгах таатай мэдээллүүдтэй буцлаа. Учир нь Америк, Европын зарим орноос гадна Монгол, Японы ардчилагчид түүний талд байхаа нүүр тулан уулзахдаа илэрхийлэв.

С.БАТТУЛГА

зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж