Италийн Сери А лигийн 23-р тойргийн хүрээнд лигийг тэргүүлэгч “АС Милан” клуб Сан Сиро цэнгэлдэхдээ “Лацио”-г хүлээн авч, тоглон 0:0 харьцаатай тэнцсэн байна. Хэдийгээр талбайдаа оноо алдсан ч “Милан”-чууд 48 оноотой болж, “Наполи”-гоос таван онооны илүүтэй лигийг итгэл төгс тэргүүлж байна. Харин “Лацио” 41 оноотой хүснэгтийн гуравдугаар эгнээг эзэлж байгаа юм. Гэхдээ “Наполи” нэг тоглолт дутуу, өнөөдөр “Кьево”-той тоглох бөгөөд өрсөлдөгчөө хожиж чадвал онооны зөрүүг ойртуулах боломжтой.
Италийн хөлбөмбөгийн ногоон талбайд өнөөдөр нийт найман тоглолт болох бөгөөд 23-р тойргийн үлдсэн ганц тоглолт нь маргааш болох юм.