
“Хадгаламж” банкны Хуулийн хэлтсийн захирал Ш.Энхтөр: НИЙТ 2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ИРСЭН
-“Анод” банкны хэчнээн хадгаламж эзэмшигч танай банкны харилцагч болсон юм бэ?
-“Анод” банкны эрх хүлээн авагч манай банктай тохиролцож, актив пассив шилжүүлэх албан ёсны гэрээ хийсэн. Үүний үндсэн дээр “Анод” банкны 10 гаруй мянган хадгаламж эзэмшигч манай банкаар үйлчлүүлэхээр болсон.
-Анод банк олон салбартай байсан. Аль салбараар үйлчлүүлэгчид танай банкны үйлчилгээг авах боломжтой вэ?
-“Анод” банкны Улаанбаатар хот болон Сайншанд, Замын-Үүдийн салбарын хадгаламж эзэмшигчид манай үйлчилгээг авах болно.
-Танай банк нийт хэдэн төгрөгийн хадгаламж хүлээн аваад байна вэ?
-“Анод” банкнаас 10 гаруй мянган хадгаламж эзэмшигчийн нийт 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжийг хүлээн авсан. Тийм болохоор хадгаламж эзэмшигчид урьд нь ямар үйлчилгээ авч байсан, тэр бүх үйлчилгээгээ манай банкнаас авах юм гэлээ.
Харин “Анод” банкны зүгээс тус банкинд цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа хадгаламж эзэмшигчдийн хадгаламжаас өөр зүйл үлдээгүй болохыг мэдэгдсэн. Хэрэв цагдаагийн байгууллага тэдгээр хадгаламж эзэмшигчийн гэм буруугүйг тогтоовол тэдний хадгаламжийг буцааж олгох санхүүжилт байгааг ч хэлж байлаа. Мөн “Анод”-ын хадгаламж эзэмшигчдийн мөнгийг “Хадгаламж” банкинд шилжүүлсэн учрыг Монголбанкнаас арилжааны банкуудад санал тавихад “Хадгаламж” банк хамгийн сайн санал ирүүлсэнтэй холбож тайлбарласан юм.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин