
“The Simpsons”-д Элтон Жон, Стефен Хоукинг, Тони Блейр гэх мэт алдартнууд заримдаа гардаг нь бараг тогтмолжсон. Лиза Симпсоны дүрд дуу оруулдаг Иеардлей Смит Бангладешийн нийслэл Дака хотод долоо хоног болоод байгаа бөгөөд энд байх хугацаандаа Грамеен Банкны талаар судалж мэдсэн байна.
Тэрээр ноён Юунусын үйл ажиллагааг бишрэн дэмждэг болоод удаж байгаа бөгөөд Хайти болон өөр газруудад түүний хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг очиж үзэж байсан байна. 2006 онд ноён Юунус болон түүний Грамеен Банкинд ядууст бичил зээл олгож, өөрсдийн бизнесээ эхлэхэд нь оруулсан хувь нэмэр, түүний санаачилгыг үнэлэн Нобелийн Энх тайвны шагнал олгосон юм.
Тэрээр анх 1976 онд өөртөө байсан 27 ам.долларыг тосгоныхоо хэдэн өрхөд зээлдэж эхэлснээр энэхүү зээлийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Түүний байгуулсан банкны үйл ажиллагаа өдгөө олон тэрбум ам.доллараар үнэлэгддэг бичил зээлийн байгууллага болсон бөгөөд зөвхөн Бангладешт гэхэд найман сая хэрэглэгчтэй болжээ гэж “BBC” агентлаг дамжууллаа.
Т.Бадрах