“Panasonic” 3D камкордер танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

“Panasonic” 3D камкордер танилцууллаа

Гурван хэмжээст дүрслэл бүхий ТВ дээрээ юу үзэх вэ гэдэг асуудлыг шийдэн “Panasonic” компани хувь хүмүүст зориулан төрсөн өдөр, хүүхдийнхээ анх алхаж байгааг, хурим зэрэг үйл явдлаа бичих камкордер бүтээсэн байна. Дэлхийн цахим хэрэгслийн компаниуд “3D TV” үйлдвэрлэж байгаа ба “Avatar” зэрэг кино уг технологийг сонирхсон хүмүүсийн сонирхлын дөл дээр тос нэмж байна. Гэвч гурван хэмжээст дүрслэл бүхий материал бага байгаа нь эдгээр бүтээгдэхүүний борлуулалтанд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Лхагва гаригт олонд танилцуулсан камкордер, дагалдах линзнийхээ хамт 170,000 иен буюу 2,000 ам.доллар байгаа нь энэ төрлийн мэргэжлийн камернуудаас хамаагүй хямдхан байна. Уг камер нь харахад ердийн дижитал камкордер шиг боловч 3D болгож хувиргах функцтэй арай том линзтэй бөгөөд уг линзийг тусад нь худалдаж авах хэрэгтэй.

Уг 3D камкордеруудыг 8 сарын 20-нд Японд худалдаанд гаргах бөгөөд гадаадын зах зээл дээр энэ оны сүүлээр худалдаанд гаргах болно гэж “Viera” зурагтууд болон “Lumix” дижитал камерууд үйлдвэрлэдэг Осака хотод байрладаг тус компани мэдэгдсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Широ Нишигучи энэ жилийг “3D эриний нээлтийн жил” гэж “Panasonic” үзэж байгаа бөгөөд тус компани одоогоор найман загварын 3D ТВ үйлдвэрлэсэн ба дөрвөн загварын 3D шил худалдаанд гаргасан гэж ярьж байна.

“Энэ бүтээгдэхүүнийг ашиглан өөрийн хүссэн контентыг бүтээж болно” гэж тэрээр сэтгүүлчдэд ярьжээ. Танилцуулах үйл ажиллагааны үер тус компани дээс тоглож байгаа охины бичлэгийг камкордероор бичин дараа нь сэтгүүлчид тусгай шил зүүн уг бичлэгийг үзсэн. Дүрс нь тод, өнгөлөг, гурван хэмжээстэй бөгөөд арай ч “Avatar”-ын төвшинд биш хэдий ч ердийн камераар авсан гэхэд чанартай сайн харагдаж байлаа. Уг камкордероор авсан 3D бичлэгийг өрсөлдөгч “Sony Corp”, “Samsung Electronics Co” компаниудын зурагтаар үзэж болно гэж тайлбарлаж байв.

Гурван хэмжээст технологи нь хүний баруун, зүүн нүдэнд өөр дүрс илгээснээр хүний тархи уг дүрслэлийг гүнтэй мэт ойлгодог байна. Хэдийгээр зарим гурван хэмжээст дүрслэлүүд тусгай шил зүүх шаардлагагүй байдаг ч уг камерын дүрслэлийг үзэхийн тулд шил зүүх хэрэгтэй юм гэж “Associated Press”-ын сэтгүүлч Юри Кагеяма Токио хотоос мэдээлж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж