Хөвсгөлчүүд их жанжныхаа ойг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Хөвсгөлчүүд их жанжныхаа ойг тэмдэглэж байна

Хөвсгөлчүүд их жанжныхаа ойг тэмдэглэж байна
Үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, Хотгойдын их жанжин Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, Хангайн бүсийн даншиг “Хотгойдын хурд-2, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярыг Хөвсгөлчүүд тэмдэглэж байна. Монгол Улсын Засгийн газар энэ ойд ихээхэн ач холбогдол өгч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үндэсний хороог Ерөнхий сайд С.Батболд ахлан ажилласан юм.

Баяр наадмын нээлт 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болж Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Түүхт хүний мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулснаар ирээдүй хойч үед эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдүүлэх, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө чин шударгаар тэмцэж ирсэн түүхэн хүмүүсийн баатарлаг үйл хэргийг таниулахад чухал ач холбогдолтой боллоо.  Хөвсгөл нутгаараа овоглосон иргэд маань төрөлх нутагтаа ихийг хийж бүтээж, улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. Эвлэн нэгдвэл бүтээж босгодог, зориглон хөдөлбөл санасандаа хүрдэгийн сайхан жишээг Хөвсгөлчүүд харууллаа. Засгийн газар ч бүх талаар туслаж дэмжиж байна гэж Ерөнхий сайд хэлэв.

Аймгийн хөдөө аж ахуй, үйлдвэр, барилга, зам тээвэр, холбоо, эмнэлэг, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар хөгжиж, иргэдийн амьдрал, соёл өдрөөс өдөрт дэвжин дээшилж өөрийн гэсэн өнгө төрхтэй болж чадсан. Олсон амжилт бүтээлд бие сэтгэл, оюун ухаан, хүч чадал, хөдөлмөрөө зориулсан ахмадууд, залуу үе, нутгийн захиргааны байгууллагын удирдлага, ажилтнуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Хөвсгөл аймгийн түүхэнд тодоор тэмдэглэх ойгоо угтан хоймор нутгийн ард түмэн хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт гаргажээ. Мал сүрэг таван төрөлдөө өсч, малын тоо толгойгоор улсдаа тэргүүлэн, сүүлийн 30 жил аваагүй ургац хурааж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн байна.
Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт бодит бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийснээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт ахиц гарч, хувийн хэвшлийн хэмжээ нэмэгджээ. Бөхийн өргөө-соёл спортын цогцолбор, Их жанжин Чингүнжавын хөшөө, талбай, “Хөвсгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Мөрөн сумандаа хатуу хучилттай зам тавьсан зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил хийж, сумаа тохижуулах, ногоон хот болгох хөдөлгөөн өрнүүлж байна.

Хотгойдын Чингүнжавын түүхт ойг угтан Хөвсгөлчүүд олон ястны болон яруу найргийн наадам, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хийн Чингүнжавын түүхэн үзмэрийн үзэсгэлэн гаргаж, нийслэлчүүдэд соёл, урлагийн арга хэмжээгээ толилуулжээ.

Өнөөдрийн энэ баяр наадам газар нутаг, үндэс угсаа, түүх соёлынхоо төлөө үеийн үед тэмцэж, хамгаалж ирсэн өвөг дээдсийнхээ гавъяа дурсгалыг алдаршуулж хүндэтгэл үзүүлж байгаа баяр. Эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол Улсынхаа бүрэн эрхт иргэн нь болж, эрх дураараа аж төрж байгаа бахархам завшаан, тэнгэрлэг хувь заяагаа баясан тэмдэглэж байгаа иргэний их баяр. Эцэг болсон дээд тэнгэр, эх болсон газар дэлхийгээ баясган , ястан угсаатныхаа ёс жудаг, уламжлал, заншлаа эрхэмлэх угсаа, язгуур соёлын их баяр. Эв найртай, шударга ариунаар ажиллаж, хийж бүтээснээрээ бахархах, ирээдүйд хийх бүтээх их эрч хүч, урам зоригийг ундраах нийгэм, хөдөлмөрийн их баяр гэж Ерөнхий сайд хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Хөвсгөл аймаг өнгөрсөн онд нийт 24,8 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж, 1,5 тэрбум төгрөгийг үйлдвэрлэл, үйлчилгээний 130 орчим төслийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, ажлын байрны өргөтгөлд санхүүжилт хийж, ажлын байр бий болгон, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлсэн байна гэж  Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж