
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хар дурсамжтай үдсэн Францын шигшээ багийн бүтэлгүйтлийг үргэлжлүүлэн багийн гол тоглогчид болох Фрэнк Рибери, Карим Бензема нар насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй холбогдсон тухай шуугианд өртөн, одоо энэ хэрэг мөрдөн шөлгөх ажиллагаанд шилжээд байгаа билээ. Хэрэв буруутай нь тогтоогдвол Францын эрүүгийн хуулийн дагуу гурван жилийн хорих ял, дээр нь их хэмжээний мөнгөн торгуулиар хоёр тоглогч шийтгүүлэх билээ. Харин аз болж, уснаас хуурай гараад ирвэл шигшээ багтаа дахин тоглож чадах уу гэсэн асуултад “Гурван өнгөтөнгүүд”-ийн шинэ дасгалжуулагч Лорен Блан хариу өглөө. Тэрбээр “Хуулийн дагуу ял шийтгэлгүй өнгөрвөл би тэднийг шигшээдээ дуудах болно, хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа их хугацаа шаарддаг ч би энд байх л болно, тэд шигшээгийн түлхүүр тоглогчид” гэж Ле Парисен сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Харин мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үеэр би тэднийг шигшээдээ дуудах боломжгүй гэсэн юм. Францын Эрүүл мэнд, спорт хариуцсан сайд ч гэсэн ийм д бодолтой байгаагаа илэрхийлээд амжсан.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатнаас гутамшигтайгаар орхисон Францын шигшээ багийн дасгалжуулагч Реймон Доменикийн ажлыг шигшээ багийн ахлагч асан Лорен Блан хүлээн авсан бөгөөд тэрбээр ирэх сард Осло хотноо Норвегийн шигшээтэй хийх нөхөрсөг тоглолтод дэлхийн аваргад оролцсон 23 тоглогчийг оролцуулалгүй өнжүүлэх шийдвэр гаргаад байгаа юм.