Одонгоор далласан бодлогын тухайд

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Одонгоор далласан бодлогын тухайд

Одонгоор далласан бодлогын тухайд
“Улс төрчид амбицтай” улс

Улсын Их Xурлын гишүүд тун мэдрэмжтэй хүмүүс. Тэд “ногоон гэрлээр” дэмжигдэх хуулийн төслүүд дээр ажиллах сонирхолтой. Мөнгө олгох, тэтгэвэр тэтгэмж нэмэх тухай хуулийн төслийн ажлын хэсэгт орох, Хууль санаачлагчдын эгнээнд багтахын тулд бяцхан хэмжээнд лоббидохоо ч сайн мэднэ. Эдгээр хуулийн нэг бол энэ хаврын чуулганаар хэлэлцэн баталсан “Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай” хууль юм. Уг хуулийг санаачлагчдийн эгнээнд УИХ-ын нийт гишүүдийн гуравны нэг нь буюу 26 гишүүн оржээ.

Яахав, гишүүд идэвхитэй л ажиллаж байгаа гэж харж болох л байх. Гэхдээ уг хуулийн бүтэц агуулгыг харвал Алдарт эхийн одон авах тооны босгыг багасгаж, одонг дагалдуулан мөнгөн урамшуулал олгох тухай гэх цөөхөн л зохицуулалт агуулсан байдаг. Нэг ч их шинэ зүйл биш бөгөөд төдий л их ажил ороогүй баймаар. Гэтэл олуулаа ингэж идэвхи  гаргасан нь өхөөрдмөөр.

“Одоогийн хүний яс муудсан” гэдгийг нотоллоо

“Одоогийн хүүхдүүдийн яс ч муудаж дээ. Юм л бол өвчин хэлээд” гэх ахмад настны үгийг өмнө нь сонсож байсан л байх. Тэр үеийн хүн, одоогийн хүн хоёрын хооронд их өөрчлөлт гарсан эсэх талаар бид маргадаг.
Харин хууль тогтоогчид маань маргааныг тасалж “Тийм ээ өөрчлөгдсөн, тэр тусмаа муудсан” гэдгийг хэлээд өглөө.

“Эхийн алдар” одон авах болзлыг бууруулж дөрвөн хүүхэдтэй эхэд хоёрдугаар одон, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй эхэд алдарт эхийн нэгдүгээр одонг олгож байхаар шинэ хууль батлагдсан. Ингэж босгыг  бууруулах шалтгаан нь болзолд хүрэх эхчүүд багасах хандлагатай байгаагаас болжээ. Арван хүүхэд төрүүлсэн ээжийн тухай сонсоод гайхан хахаж цацаж сүйд болохооргүй байсан цаг бий. Тэр үед өглөө нь нярайлчихаад орой нь үнээгээ саахаар гарч байсан тухай ч дурсамж байдаг. Одоогийн хэллэгээр “эмнэлгийн бус нөхцөлд, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд” төрсөн хүүхэд эрүүл саруул өсөж байлаа. Эмчийн хяналт, вакцин зэрэг зүйлсгүй өөрсдийнхөө яс чанараар болоод л ирсэн.  Харин одоо л болохоо болчихоод байна. Эрүүл мэндийн байдлаасаа болж эрүүл хүүхэд төрүүлэх нь багасч байна. Амьдралын хэв маягаас болоод “хөнжлөөрөө дүүрэн хүүхэдтэй болно” гэх үг “хүү, охин хоёртой болно” гэх үгээр солигдож байна.  Яс чанар муудсан тул ядаж боломжтой босго тогтоож хүн амынхаа өсөлтийг дэмжие  гэсэн л бодлого л гэх үү дээ.

 “Улсын хүн амаа өсгөх” бодлогыг баталлаа

Одонгийн уг түүхийг сонирхвол германчуудаас гаралтай аж. Дэлхийн дайны үед “Muttercross” буюу “Эхийн загалмай” хэмээх одонг анх бий болгож дөрвөн хүүхэд төрүүлсэн эхэд хоёрдугаар зэргийн, зургаан хүүхэдтэй эхэд нэгдүгээр зэргийн одонг өгдөг байжээ.Улс орны хүн амыг нэмэгдүүлэх, цэрэг зэвсгийн ирээдүйн хүчийг бүрдүүлж байгаа тул эх орныхоо төлөө хийж буй гавьяа хэмээн үздэг байж. Гэхдээ энэ тухай дэлгэрүүлэхээ больё. Нөгөө амбицтангууд чинь  улс төржүүлээд хуулийн төслийг өөрчилнө энэ тэр гээд гүйгээд эхлэх ч юм бил үү.

Монгол Улсын хувьд “Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай” хуулийг одоогоос 53 жилийн өмнө буюу 1957 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр БНМАУ-ын Их Хурлаас баталсан. Энэ хуулиар таван болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг эхийн алдар хоёрдугаар зэргийн одонгоор, найм болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд эхийн алдар одонгийн нэгдүгээр зэргээр  тус тус шагнаж байхаар хуульчилжээ. Мэдээж энэ хууль тухайн үедээ хүн амыг өсгөхөд тодорхой үр дүнгээ өгснийг бид мэднэ.

Өнөөгийн нөхцөлд Монгол Улсын нэг өрхөд дунджаар хоёр хүүхэд ногдож, төрөлт эрс багассан зэргээс шалтгаалан хуучин хууль нь хүн амын бодлогод нөлөөлөх үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон байна.
Ямартаа ч энэ хууль батлагдаж 2011 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүд төрийн халамж хүртэхээр боллоо. Ингэхдээ дагалдах урамшуулал нь хуучин хуулийн дагуу нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд 50 мянган төгрөгийг жил бүр улсаас олгох журмаараа явах юм.

Улс орны эдийн засгийн бодит өсөлт нь хүн амын тооноос шууд хамаардаг тул эхийн төрөлтийг дэмжих, хүн амыг нэмэгдүүлэх энэхүү төрийн бодлогыг буруутгах зүйл алга. Одоо ганц л зүйл үлдлээ. Энэ бол хүн амын өсөлт гаргаж, эхчүүд олноороо одон авах л үлдэж.

Б.Энхмандах 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж