Улс төрийн тавцанд уран бэрийн нүүдэл хийе

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Улс төрийн тавцанд уран бэрийн нүүдэл хийе

Улс төрийн тавцанд уран бэрийн нүүдэл хийе

Ноёдын үхэл чуулганд гэдэг үг Манжийн эрхшээлд байсан Монголд байсан. Хүсэл зориг нийлэхгүй ноёдыг чуулган хийнэ хэмээн дуудаж ирүүлэн гэнэдүүлж амийг нь хороодог арга ядсан арга ихээхэн түгээмэл байсан хэрэг. Энэ үгийг санагдуулам нэгэн хэрэг одоогоос дөрвөн жилийн өмнө гадаадын нэгэн оронд болсон юм. Тухайн үеийн Тайландын ерөнхий сайд Таксин Чинаватыг 2006 оны есдүгээр сард Нью Йорк руу НҮБ-ын чуулганд оролцохоор явсан хойгуур нь цэргийнхэн төрийн эргэлт хийж албан тушаалаас нь авч хаясан юм. Ер нь Тайландын түүхэнд цэргийнхэн төрийн эргэлт хийсэн тохиолдол ганц энэ биш. 1947-гоос 1992 оны хооронд Тайландын төрийн эрх хэд хэдэн удаа цэргийнхний гарт орж байжээ. 2006 оны төрийн эргэлтээс нэг сарын дараа Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийг томилж дараа жил нь цэргийнхэн Үндсэн хуулийг өөрчилж шинэ Засгийн газрыг байгуулсан бөгөөд үүнийгээ жинхэнэ иргэний, ардчилсан засаг хэмээн тунхагласан билээ. Тэр цагаас хойш Тайландын хамгийн баян хүний нэг Таксин Чинават дэлхийн улс орнуудаар хэсүүчлэн амьдарч яваа юм. Тайландын шинэ Засгийн газар Чинаватыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээс хоёр жилийн ялыг 2008 онд оноосон. Албан тушаалаас нь огцруулсанаас хойш улс төрийн тэмцлээ зогсоогоогүй Чинават шүүхийн шийдвэрийн дараагаас тэмцлээ улам эрчимжүүлсэн бөгөөд хамгийн оргил хурц төдийгүй хохирол дагуулсан нь энэ хавар байсан бөлгөө. Чинаватын талынхан буюу улаан цамцтанууд, Засгийн газрйн талынхан буюу шар цамцтануудын хоорондын мөргөлдөөн хоёр сар гаруй үргэлжилж, 90 орчим хүний амь үрэгдсэн билээ.

Төрсөн нутагтаа харих эрхгүй болсон Чинават Европ, Азийн улс орноор бүгэн амьдарч байгаа бөгөөд очсон улсаас нь Тайландын Засгийн газар хүнээ нэхээстэй байгаа. Ийнхүү орох оронгүй ч улс орондоо эргэн очиж их улс төрөө үргэлжлүүлнэ гэсэн бодол бүхий Чинават Монголын нийслэл Улаанбаатарт бууж мордоод явсан нь тодорхой байна. Зүгээр ч нэг бууж мордсонгүй, улс төрийн уулзалт яриа өрнүүлээд явсан байх юм. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны урилгаар Монголд айлчилсан Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга ноён Сүзүки Мүнэотэй ганцаарчлан уулзсан. Уулзалтын зорилго улс төрийн дэмжлэгийг Японоос хүсчээ.

Гадаадын хоёр орны улстөрчийн ганцаарчилсан уулзалт /тэр дундаа нэгнийх нь улс төрийн байр суурь тодорхойгүй/ Улаанбаатар хотноо болсон нь гэдгийг монголын сэтгүүлчид гадаад эх сурвалжаас олж мэдлээ. Иймэрхүү тохиолдол эхнийх биш бөгөөд бас сүүлийнх ч биш. Өөрсдөөсөө мэдээллийг өндгөө дарсан шувуу шиг нууж чаддаг атлаа гадаадын л бол явуулын жуулчинд хүртэл тайлангаа тавьж байдаг нь монголын улстөрчдийн зуршил юм. Гэхдээ энэ бол өөр сэдэв.

Яагаад энэ хоёр улстөрч Улаанбаатарыг сонгох болов? Амар жимэр, тэр тусмаа монголчууд наадмын дараа ямар ч асуудал байсан авч хэлэлцэлгүй орхин хаядаг зуршилтайг Монголтой олон жил нөхөрлөж буй Японы ахмад улстөрч мэддэг. Нөгөө талаас Чинават хэмээх дэлхийд танигдсан энэ эр Монголын гудманд явж байхад яасан ганган хужаа вэ гэхээс өөрөөр түүнийг таньж хоргоож шалгаах хүн байхгүйг ч гадарласан бололтой. Өөрөөр хэлбэл, монголын сэтгүүлчдйиг басамжилсан хэрэг. Ямар ч байсан уулзалт болдгоороо болоод аль аль нь Монголын нутгаас гарч одсон нь тодорхой. Гэвч хамгийн гол нь Монгол улсыг уулзалтын талбар, зуучлагч гэж харсан нь олзуурхууштай. Ийм уулзалт болох талаар дипломат шугамаар яриа хөөрөө болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

Дэлхий нийтийн харилцааны эмзэг сэдэв болоод байгаа Хойд Солонгосын асуудал дээр ч Монголын талыг зуучлагч болгох хүсэл байдаг талаар бид сонсч байсан. Зөвхөн уул уурхайгаас олох ашиг бус энэ мэт өөр боломж бололцоогоо ашиглан дэлхийн улс төрийн хөлөг дээр уран бэрийн нүүдэл хийж яагаад болохгүй гэж!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж