
“Aftershock” өөр нэг рекорд тогтоосон нь дэлгэцэнд гарсан эхнийхээ өдөр 36.2 сая юанийн орлого олсон явдал байв. Хятадын стандартаар нэлээд үнэтэйд тооцогдох 20 сая ам.долларын төсвөөр бүтсэн уг кино нь “IMAX” кино театруудад гарч буй анхны Хятад найруулагчтай кино юм. Уг кино 500 сая юанийн ашиг олох болно гэсэн таамаглалыг киноны мэргэжилтнүүд дэвшүүлээд байна. Кино дэлгэцэнд гарснаасаа хойш 20 хоногийн дотор дахин 3-4 сая үзэгчийг татаж чадвал ийм амжилтанд хүрэх болно. Хятадын киноны түүхэнд байгаагүйгээр 4,000 кино театрт зэрэг нээлтээ хийн гаргаж байгааг харгалзаж үзвэл ийм амжилтанд хүрч болзошгүй юм.
“Aftershock” кинонд 1976 онд Тангшанд болж, 250,000 хүний аминд хүрсэн газар хөдлөлтийн үеэр нэгэн гэр бүлийнхэн бие биенээсээ төөрөөд 85,000 мянган хүний аминд хүрсэн 2008 оны Сичуан дахь газар хөдлөлтийн дараа дахин учирч байгаа үйл явдлын тухай өгүүлдэг.
Фэнг найруулагчийн бүтээсэн арилжааны чиглэлийн кинонууд Хятадын зах зээл дээр амжилттай байгаа бөгөөд саяхан гаргасан “If You Are the One” хэмээх кино нь 350 сая гаруй юанийн ашиг олсон байна. “Aftershock” нь Холливуд дэлхийн хамгийн хурдтай өсч байгаа киноны зах зээл болох Хятадыг сонирхож байгаагийн илрэл болж байна. 2010 оны эхний хагас жилд Хятадын киноны зах зээл 2009 оныхоос 86 хувиар өсөж 4.84 тэрбум юань болсон байна. Уг кино нь АНУ-ын “IMAX Corp” болон Хятадын продюсер “Huayi Brothers”-ын түншлэлээр бүтсэн анхны кино юм. “IMAX Corp”, “Huayi Brothers” нар хятад хэл дээр дахин хоёр кино бүтээхээр тохиролцсон байгаа ч ямар кино байх талаар зарлаагүй байна.
“Aftershock” кино Хятад, Хонг Конг, Австрали, Шинэ Зеландад гарч эхлээд байгаа бөгөөд хэдэн сарын дараа Азийн бусад орнууд болон Их Британид гарах юм байна. АНУ-д дэлгэцэнд гарах хугацааг одоогоор зарлаагүй байна.
Т.Бадрах