Жон Ленноны алуурчин тэнсэнгээр гарч магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Жон Ленноны алуурчин тэнсэнгээр гарч магадгүй

Битлз хамтлагийн дуучин Жон Ленноныг алсан Марк Девид Чапманыг тэнсэнгээр гаргах эсэх тухай асуудлыг Жон Ленноны нас барсны 30 жилийн ой болохоос сарын өмнө хэлэлцэх гэж байгаа талаар “CNN” агентлаг мэдээллээ. Наймдугаар сарын есний долоо хоногт тэнсэнгийн асуудлыг шийдэх зөвлөлийн хоёр хүн Чапманы асуудлыг авч үзэж ярилцлага авах болно. Энэ жил Чапманыг гаргахын эсрэг дөрвөн захидал Нью-Йорк Хотын Мужийн Тэнсэнгийн хэлтэст ирсэн бөгөөд харин түүнийг суллах нь зүйтэй гэсэн хоёр захидал ирсэн гэж уг албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө хамгийн сүүлд Чапманы тэнсэнгийн асуудлыг 2005 онд Нью-Йорк мужийн тэнсэнгийн хэлтэс авч үзсэн байна. 2000, 2002, 2004, 2006 онд болсон тэнсэнгийн хурлуудаар түүнийг тэнсэнгээр суллахын эсрэг шийд гарч байжээ. 1980 оны 12 сарын 8-нд Нью-Йорк хот дахь гэрээсээ гарч явж байхад нь Жон Ленноныг буудаж алсан гэж Чапманыг яллан 20 жилээс бүх насаар нь хорих ял оноосон бөгөөд тэрээр энэ жил 55 настай. Тэр одоогоор 29 жилийн ялыг онцгой нөхцөлтэй Аттика Засан хүмүүжүүлэх ангид эдлээд байгаа бөгөөд тэнд байгаа хоригдлууд түүнд аюул занал учруулаагүй гэж тус мужийн Засан хүмүүжүүлэх алба мэдэгдсэн байна.

Шоронд Чапман өөрийн камерт байдаг хэдий ч өдрийн ихэнхийг жижиг сажиг зүйл хийх буюу номын санд өнгөрүүлдэг байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд тэр өөрийн эхнэр Глориатай уулзах боломжтой байгаа гэнэ. Тодорхой шалгуур хангасан хоригдлууд ийм эрх эдэлдэг байна. Чапман 1994 оноос хойш асуудал үүсгээгүй, өөрийнхөө шорон дахь ажлаа хийж, элдэв шуугиантай нөхцөл байдал үүсгээгүй гэж Засан хүмүүжүүлэх албаны хэвлэлийн төлөөлөгч Эрик Крисс ярьсан байна. Өмнөх жилүүдэд талийгаач Ленноны эхнэр Иоко Оно захидал бичин түүнийг тэнсэнгээр гаргахгүй байхыг хүсэж байжээ. Энэ асуудлаар “CNN” агентлаг Оногийн хуулийн болон хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдохоор оролдсон боловч амжилт олоогүй байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж