Билгийн тооллын ХҮII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14 цагаас эхэлнэ. Цагаан сарын барилдаанд даян аварга Г.Өсөхбаяр бүртгүүлсэн тул энэ жилийн сар шинийн барилдааныг магнайлан зодоглох нь ээ. Харин сар шинийн барилдаанд үзэгчдийн хамгийн ихээр анхаарал татаж байгаа бөхчүүд болох Ө.Даваабаатар, А.Бямбажав, улсын начин Ц.Содномдорж, цэргийн арслан Ч.Санжаадамба нар өнөөдрийн барилдаанд зодоглохгүй байж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэл, мэдээллээр гарчээ.
Жил гаруй хугацаанд заал танхимын барилдаанд огт зодоглоогүй байгаа харцага Ө.Даваабаатар “Сар шинээр барилдахгүй” хэмээн мэдэгдсэн бол бусад гурван бөхийн тухайд “Бэртэл гэмтэл гайгүй байгаа ч битүүний өглөө байдлыг харж байж барилдах эсэхээ шийднэ” хэмээжээ. Ямартай ч өнгөрсөн жилийн сар шинийн барилдааны түрүү бөх, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба өнөөдөр барилдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
М.Урин