
Хэт их халуун, гангийн улмаас Буриадад энэ сарын 26-наас эхлэн онцгой байдао тогтоосон тухай тус улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицын мэдэгдлээ. Гангийн үр дагаврыг даван туулах улсын комисс байгуулсан тухай тэр онцолжээ. Урт хугацаанд үргэлжилж байгаа 30-аас дээш хэмийн халуунд Буриадын 12 районы тариалангийн талбай нэрвэгдэж, газар тариалангийн 58 аж ахуй нэгж хохирол амсаад байгаа ажээ. Мэргэжилтнүүдийн тооцоогоор зөвхөн өвс тэжээлд гэхэд л 200 сая рубль хэрэгтэй болоод байгаа гэнэ. Ялангуяа тэжээлийн ургамлын тариалалт хамгийн ихээр халуунд өртжээ. Буриадын ерөнхийлөгч хөдөө аж ахуйн ажилтнуудад хүүгүй зээл олгох, лизингийн зээлийн төлөлтийг хойшлуулах зэрэг тусламж үзүүлэхээр болж буйг хэлсэн байна. Тэрээр хүнсний зах зээлийн байдал тогтвортой байгааг онцолсон байна.