Эрхэм хүндэт иргэд, зочид төлөөлөгчид өө, Хөвсгөлчүүд ээ,
Та бүхэнд Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, халуун эх оронч, эрэлхэг жанжин Б. Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн мэндийг хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе.
XVII – XVIII зуунд Монголын ард түмэн манжийн эзлэн түрэмгийлэл, ноёрхлыг эсэргүүцэн үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөө баатарлаг тэмцэл хийсэн билээ. Тэдгээрийн дотор тавьсан зорилго чиглэл, нийгмийн анги давхраа, газар нутгийг хамарсан хэмжээ далайц, түүхэн ач холбогдол, үлдээсэн сургамжийн хувьд Хотгойдын шадар ван Чингүнжавын удирдсан 1755 – 1758 оны зэвсэгт тэмцэл онцгой байр суурь эзэлдэг. Б.Чингүнжав Халхын ноёдод хандан “Манжийн хаанаас салбал зохино” гэсэн уриалга гаргаж улс үндэстнийнхээ тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө шантрашгүй эр зориг гарган тэмцсэн юм. Б. Чингүнжавын тэмцэл бол улс үндэстнээ өмгөөлсөн монголчуудын зүрхний хилэн байлаа. Хэдийгээр Чингүнжавын тэмцэл монгол ноёдын дотоод зөрчилдөөн, нэгдмэл бус байдлын улмаас зорилгодоо хүрэлгүй дарагдсан боловч Монголын ард түмнийг цаашдын их тэмцэлд зоригжуулсан уриа дуудлага болж чадсан байна. Чухамхүү Чингүнжавын удирдсан зэвсэгт тэмцэл нь түүнээс 150 гаруй жилийн дараа өрнөсөн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үндэс суурь, цог дөл нь болсон билээ. Тэрбээр тухайн үед эзлэн түрэмгийлэгчдийг ялж чадаагүй ч хожмын их ялалтын суурийг тавьж чадсан. Шадар ван Чингүнжавын Монголын түүхэнд үлдээсэн ул мөрийг улам тодруулж түүний нэр төр, гавьяа зүтгэл, баатарлаг үйлсийг мандан бадруулах, хойч үеэ эх орон, элгэн саднаа гэсэн үзлээр хүмүүжүүлэхэд энэхүү ойн арга хэмжээ нэн тустай юм.
Хөвсгөл нутгийн зон олон, ард иргэд ээ,
Хөвсгөл аймаг нь үзэсгэлэнт сайхан байгальтай, ариун тунгалаг Хөвсгөл далай шигээ уудам сэтгэлт зон олонтой, хүн ам, мал сүргийн тоогоор улсдаа тэргүүлдэг олон ястны өлгий нутаг билээ. Хөвсгөлчүүд баялаг, баатарлаг түүхтэй, эрх чөлөөг эрхэмлэдэг, шударга, тэмцэгч, хөдөлмөрч, сайхан ард түмэн. Улс эх орныхоо хөгжил дэвшилд Хөвсгөл нутгийн ард иргэдийн оруулж буй хөдөлмөр бүтээлийг Монгол Улсын төр засаг ямагт өндрөөр үнэлж байдгийг хэлэхэд таатай байна. Нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд эрдэнэт хурдан хүлгийн тань уяа сойлго шавхарч, эрч хүчтэй бөхчүүдийн тань эр бяр жагсаж, эрхий мэргэн харваачид нь онч мэргэн байж Дэлгэр мөрнийхээ хөвөө, зүлэг ногоон талбайд дэнж хотойтол сайхан наадаарай.
Монгол Улс үүрд мөнх мандан бадраг.
2010 оны 7 дугаар сарын 27
Холбоотой мэдээ