
Хэнтий аймагт болж буй Хардал жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн хурдан морины уралдааны азарга барианд орлоо. 13 аймгийн 259 хурдан хүлгэд тоосоо өргөсөн энэ уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат Мөнхдэлгэрийн халтар түрүүлж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат Гантулгын зээрд аман хүзүүдэж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат УИХ-ын гишүүн Р.Рашийн буурал гуравт, Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхтөрийн халтар дөрөвт, Хэнтий аймгийн Дадал сумын уугуул Дарамрэнчингийн хүрэн халзан тавд тус тус хурдаллаа. Азарганы уралдаан ямар нэг будлиангүй сайхан болж, хүүхэд, морь гэмтэж эндээгүй байна. Дашрамд сонирхуулахад Зүүн бүсийн хурдан морьдын уралдааны зургаан насанд 13 аймгийн нийт 1000 гаруй хурдан хүлэг уралдахаар бүртгүүлжээ. Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө.
А.Тэлмэн