Ерөнхийлөгч, Дээд шүүх хоёр толхилцов уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч, Дээд шүүх хоёр толхилцов уу?

Ерөнхийлөгч, Дээд шүүх хоёр толхилцов уу?
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Дээд шүүхийн даргад албан тоот илгээж нэр бүхий 13 шүүгчийн диплом хуурамч учраас нягталж үзээд хариу ирүүлэхийг шаардсан билээ.  Хуулийн дагуу албан бичгийн хариу өгөх хугацаа өнгөрсөн баасан гаригт дууссан байна. Гэтэл Улсын Дээд шүүхээс Ерөнхийлөгчид хандсан албан бичиг очсонгүй. Уг нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд зарим шүүгч өмнөх шатны боловсролын түвшин хангалгүйгээр 2,5 жилийн хуулийн сургалтад хамрагдан төгссөн болохыг дурдсан билээ. Өмнөх шатны боловсрол гэдэг маань бакалаврын түвшний дээд боловсрол эзэмшихийг хэлж байгаа аж. Гэтэл тэдгээр хүмүүс дээд боловсрол эзэмшээгүй байж 2,5 жилийн хуулийн сургалтад хамрагдан эрх зүйчийн диплом өвөртөлж, улмаар шүүхийн байгууллагад ажиллаж байсан нь хачирхалтай. Тэдний гаргасан шийдвэрүүд хэчнээн хүнийг хохироосон байхыг хэн ч хэлж мэдэхгүй. Уг нь шүүхийн байгууллагад Хууль зүйн дээд сургуулийн дөрвөн жилийн бүрэн сургалтад хамрагдсан жинхэнэ хуульч мэргэжилтэй хүн л ажиллаж байх учиртай санагдана.  Жинхэнэ хуульч гэснээс одоо манай аль ч их дээд сургууль хуульч мэргэжлээр диплом олгохгүй байгаа. Харин хуулийн сургууль төгсөгчдөд эрх зүйчийн диплом олгож байна. Эрх зүйч гэдэг маань өндөр хөгжилтэй орнуудад бол хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөлөл хийх хэмжээний боловсрол юм. Жинхэнэ хуульч бол таваас дээш жил суралцаж, хуулийн тодорхой мэргэжлээр нарийн мэргэшсэн хүн байдаг ажээ. Гэтэл өнөөдөр манай улсад жирийн инженер хүн ч 2,5 жилийн сургалтад хамрагдаад шат шатны шүүхэд ажиллах энүүхэнд шүү дээ. Ер нь тэгээд манайд хэн дуртай нь эрх зүйч болж байна гэвэл хэтрүүлсэн болохгүй. Хууль шүүхийн байгууллага шударга ажиллаж чадахгүй байгаа нөхцөлд өөрсдийнхөө эрхийг хамгаалахийн тулд эрх зүйн мэдлэг боловсрол эзэмшихийг илүүтэйд үзэж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Харин жинхэнэ хуульчийн ажиллах ёстой албан тушаалд шургалахыг огт зөвшөөрч болохгүй.

Хэдэн жилийн өмнө миний бие МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 2,5 жилийн сургалттай ангийн тухай нийтлэл бичиж билээ. Тус ангид ямар хүмүүс элсэн ордог, тэд хэрхэн яаж суралцдаг тухай судалж үзэхэд маш сонирхолтой дүр зураг гарч ирсэн юм. Элсэн орогчдын жагсаалтыг харахад олны танил хүмүүс дийлэнх хувийг эзэлж байв. Тэдний УИХ-ын гишүүд, яам, тамгын газрын дарга нар, урлаг, соёлын зүтгэлтнүүд, нэртэй бизнесмэнүүд олон байв. Миний олж үзсэн баримтаас харахад УИХ-ын 10 гаруй гишүүн энэ ангид сурч төгссөн байлаа. Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын хэд хэдэн хүн 10 гаруй жилийн хугацаатай суралцаж төгссөн байдаг юм. Үүний учрийг тодруулахад эрхэм гишүүд сургуульдаа элсэн орчихоод сургалтандаа бараг суудаггүй гэнэ. Тэр ч бүү хэл бүтэн жилийн хугацаанд огт үзэгдэж харагдаагүй хүн улсын шалгалт өгнө гээд гэнэтхэн ороод ирэх нь энүүхэнд гэнэ. Тэгээд яаж ийж байгаад нэг л мэдэхэд “Сургуулиа төгсчихсөөн, багшаа” гээд даапаалах маягтай зөрөөд өнгөрөх тохиолдол цөөнгүй байдаг тухай тус сургуулийн багш нар ярьж байв. Хамгийн гол нь тэдгээр төгсөгчид хууль шүүхийн байгууллагад орчихсон байдаг нь гайхалтай. Заримдаа багш нар нь өмгөөлөл хийх гээд шүүх хуралд ороход өнөөх сураагүй “төгсөгч” шүүгчийн ширээнд заларчихсан багш нартаа хичээл заах шахуу сүр бараатай сууж байдаг гэнэ. Хууль эрх зүйн наад захын мэдлэггүй тэд хуулийг хэрхэн яаж завхруулж байгааг харахад ой гутдаг тухайгаа багш нар ярьж байв. Яагаад ийм байдалд хүрсэн тухай лавшруулж үзвэл энэ сургуульд элсэхээс эхлээд төгсөн төгсөх  хүртэлх бүхий л хугацаанд “сурах” асуудлыг зөвхөн авилга хээл хахуулиар шийдэж ирсэнтэй холбоотой байж  мэдэх сэжүүрийг миний бие олж атгасан билээ. Шалгалтын тестийн номыг нэр бүхий хэдэн хүн л боловсруулж, борлуулдаг. Тэгэх мөртөө шалгалтынхаа тестийг ч тэд нар “нууц”-аар бэлтгэх   “үүрэг” хүлээдэг тухай баримт түшин бичиж билээ. Одоо тэдний нэг нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх хийж байгааг дурдахад илүүдэхгүй. Тэрбээр мөн л 2,5 жилийн сургалт төгссөн хэрнээ хууль зүйн ухааны доктор цол хүртчихсэн байгаа нь сонин. Тэр ч бүү хэл магистраа алгасаад шүү. Ямар ч гэсэн энэ  нийтлэлийн дараа тус сургууль дээр нэлээд хөдөлгөөн орж, илт гаарч байсан үзэгдэл татарсан тухай мэдээлэл надад ирж байлаа. Одоо чухам ямар байгааг би сайн мэдэхгүй байна.

Ерөнхийлөгчийн албан бичигт нэр нь дурдагдсан хүмүүсийн дунд хэрэв сүүлийн үеийн “төгсөгч” байх юм бол энэ асуудал шийдэгдээгүй л юм байна гэсэн дүгнэлтэд хүрнэ. Ер нь тэгээд хууль шүүхийн байгууллагад ажиллагсдаас Хууль зүйн сургуулийн 2,5 жилийн сургалт төгсөгчдийг хайснаас төгсөөгүйг нь хайвал арай хялбар байж мэднэ. Хамгийн гол нь хичээл сургуульдаа бүрэн сууж, мэдлэг боловсролоо төгс эзэмшсэн л байгаасай гэж залбирах байна. Дашрамд дурдахад эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ хичээлдээ сайн суусан болоод УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болсон байлгүй. Гэтэл түүнийг хуулиа мэдэхгүй байна гээд Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав хэлэх боллоо. Д.Дорлигжавыг ч гэсэн Хууль зүйн сургуулиа бүрэн төгссөн эсэх талаар эргэлзээтэй яриа олны дунд байдагийг хэлэхэд бас илүүдэхгүй. Ер нь тэгээд манай улстөрчид бараг толгой дараалан Хууль зүйн сургуулийн 2,5 жилийн сургалтыг төгссөн гэхэд хэтрүүлэг болохгүй. Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохын тулд хууль эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй гэсэн тэдний бодлыг үгүйсгэхгүй.

Гэхдээ ихэнх нь намтрынхаа товчоонд хуульч гэж бичүүлэх нь сонгуульд амжилт олох магадлалыг нэмэгдүүлнэ гэж тооцсон гэвэл хэтрүүлсэн болохгүй. Ингэж л сум дүүргийн шүүхээс эхлээд УИХ хүртэлх шүүх, хууль хяналт, хууль тогтоох байгууллагуудын шат дамжлага бүхэнд  өнөөх 2,5 жилийн сургалт төгсөгчид ажиллаж байна. Тэд хуулийг хэрхэн хэрэгжүүлж, хэрхэн боловсруулж байгаа талаар олон нийт өөр өөрийн ойлголт мэдээлэлтэй байгаа. Хуулийг яс номоор нь боловсруулах гэж махаа идэж байгаа тухай УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нэг биш удаа хэлж байсан. Ямар сайндаа л ангийнхнынхаа дутуу боловсруулж батлуулсан хуулийг далдуур гэртээ “орондоо” засчихаад бөөн хэл ам үүсгэж УИХ-ын дарга гэсэн өндөр сэнтийгээсээ авахуулж байхав дээ.

Одоо хуулийг хамгийн сайн мэдэж, хэрэгжүүлж байх ёстой хүний нэг Улсын Дээд Шүүхийн дарга С.Батдэлгэр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичгийн хариуг хугацаа хожигдуулаад сууж байдаг. За яахав, ажил нь амжаагүй болоод хожигдуулсан бол нэг хэрэг. Харин манайхны нөгөө л гөжүүдэлдэг зан гаргаж байгаа бол өөр хэрэг. Ер нь манайхан юм л бол хоорондоо хүч үзэх гээд байдаг болсон нь хууль хяналтын байгууллагуудаас үүдэлтэй. Энэ нь мөн л тэдний мэдлэг боловсролтой шууд холбоотой байж таарна. УИХ, Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газруудын хоорон дахь тэмцэл хурцдаад байхад Ерөнхийлөгч, Улсын Дээд шүүхийн хооронд маргаан дэгдвэл юу болох билээ. Төрийн томчууд хоорондоо толхилцож байх зуур, хуулийн хүч суларч, эмх замбараагүй байдал газар авна гэдгийг “эрхэм дээдсүүд” маань болгоож л байгаа байх даа, бурхан гончигсум минь.

Г.Энхбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж