Хөвсгөлийн иргэдтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн иргэдтэй уулзлаа

Хөвсгөлийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын баруун аймагт хийж байгаа албан томилолт үргэлжилж байна. Тэрээр 2010 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж ард иргэдтэй уулзлаа.
Тэрээр Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн мэндийг Хөвсгөлчүүдэд хүргээд ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороог ахалж байгаагийн хувьд орон нутаг дахь томилолтынхоо жолоог Хөвсгөл нутагруу залж өргөн бүрэлдэхүүнтэй ирлээ гэлээ. Гэхдээ томилолтын зорилго нь ганц баяр наадамд оролцох бус орон нутгийн хөгжил, иргэдийнхээ амьдрал ахуйтай танилцаж, Засгийн газраас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлж, санал бодлоо Та бүхэнтэй солилцох гэсэн юм гэв.
Төрийн суурь бодлого нь хүнээ хөгжүүлж, эрүүл, боловсролтой, өрсөлдөх чадвартай, орон сууцтай, тэтгэврийн даатгалд бүрэн хамрагдсан байх ёстой. Үүнийг Хүний хөгжил сангийн тухай хуулийн хүрээнд шийднэ  гэж Ерөнхий сайд Батболд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Хөвсгөл нутгийн уугуул,орчин цагийн Монгол төрийн нэр хүндтэй түшээ Монгол Улсын 25 дахь ерөнхий сайд Санжийн Баяраас хамтарсан засгийн газрын тэргүүний буухиаг хүлээн авснаас хойшхи 9 сарын хугацаанд төрийн бодлого үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж ажиллахын зэрэгцээ эдийн засаг нийгмийн салбарт эргэлт сэргэлт болохуйц томоохон төсөл ,хөтөлбөрүүдийг санаачлан эхлүүлээд байгаагаа Ерөнхий сайд хэллээ.Тухайлбал Оюу толгойн  бүтээн байгуулалтын ажил эхэлснээр одоо тэнд 2200 гаруй Монголчууд ажиллаж  баталгаатай ажлын байртай болж эхэлсэн .Засгийн газар Таван толгойн ордыг ашиглах бодлого үзэл баримтлалаа УИХ-аар батлуулснаар монгол хүн бүр байгалийн байлагтаа эзэн байх,хувь хишиг хүртэх,хувьцаа эзэмших ,өмчтэй болох эрх зүйн үндэс бүрдсэн. Энэ бол малыг малчдад,орон сууцыг иргэдэд,газрыг хувьд өмчлүүлсэнтэй дүйцэхүйц чухал алхам гэдгийг Ерөнхий сайд С.Батболд онцоллоо.
Цаг үе тэтгүүлэгч биш бүтээгч иргэн болохыг, хөгжлийн төлөө хүн байхыг шаардаж байна. Үүнд хүн бүр суралцах ёстой. Үүний тулд боловсролын  шинэчлэлийн талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Боловсролтой иргэн бүтээн байгуулж, монголоо хөгжүүлнэ, мандуулна гэж тэрээр мөн хэллээ.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулснаар баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж, хэдэн мянган ажлын байр бий болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхоос 2-3 дахин өсч, нэг хүнд ногдох хувь хэмжээ эрс нэмэгдэн, иргэдийн амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарах юм.  Мянганы зам, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг өмнөх үеийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжүүлэхийн зэрэгцээ “Төмөр зам”, Шинэ бүтээн байгуулалт”, Говийн бүсийн дэд бүтцийн хөгжил” гэсэн хэтдээ ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлэх гэж байна. Их бүтээн байгуулалтыг хамтын хүчээр хийнэ. Сөргөлцөл, талцлын улс  төрд цэг тавьж, ” стандарт бус” шийдэл гарган эргэлзээ, шүүмжлэл туулж байж С.Баярын санаачлагаар  байгуулагдсан хамтарсан Засгийн газар л энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, удирдах, эрчимжүүлэх түүхэн үүрэгтэй гэдгийг бид ойлгож байгаа.Чадлын хэрээр хичээж байгаа гэдгээ ч Ерөнхий сайд С. Батболд Хөвсгөлчүүдэд хандаж хэлсэн үгэндээ тэмдэглээд  Засгийн газрын бодлого, зорилтыг ойлгож, үгээр, сэтгэлээр, үйлдлээрээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа  хэлэв. Засгийн газар уул уурхай болон бусад салбараас орж ирэх орлогыг ард түмэндээ шударгаар хуваарилж хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага орлоготой иргэдээ дэмжих халамжийн бодлогоо үргэлжлүүлнэ. Иргэдээ ажлын байраар хангаж ядуурлыг бууруулахын тулд төр хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллахыг зорьж байна.      Монголчууд стратегийн орд газруудад давуу эрхийн хувьцаа эзэмших бөгөөд эхний ээлжинд Тавантолгойн орд газраас иргэн бүрт 10 хувийн хувьцаа эзэмшүүлэхээр төлөвлөсөн. Энэ оны 10 сар гэхэд хувьцаа ямар үнэтэй байх, хэзээ арилжаалах зэргийг Засгийн газар ард түмэндээ мэдээлэх юм.
Ерөнхий сайд хэлэхдээ “хувьцааг цэнхэр, ягаан тасалбар болголгүй үнэ цэнэтэй, өгөөжтэй байлгахын тулд 9 дүгээр сараас Хөрөнгийн биржээ олон улсын жишгээр ажиллуулж эхэлнэ. Эх орны хишиг, хувь олгохдоо иргэдээс санал авсан. Малчдын зээл, сургалтын төлбөр зэргийг Засгийн газар 9 дүгээр сард шийдвэрлэхээр төлөвлөж байна. Засаглалаа сайжруулж, ил тод, нээлттэй, иргэний нийгмийн оролцоотой, хяналттай байж амжилтад хүрнэ. Үйлдвэрлэл,  үйлчилгээ зэрэг бүх салбарт нэгдсэн стандарттай болгож авилга, хээл хахууль хүнд суртлыг арилгана гэв.
Хүнсний гол нэрийн барааны үнэд Засгийн газар зохицуулалт хийж олон шат дамжлагагүй, ченжээр дамжуулалгүй нийслэл болон бүсэд хөдөө аж ахуйн бирж ажиллуулж үнийн хөөрөгдлийг арилгана. Гэхдээ бүхнийг төр, засгийн гар харалгүй баг, сум, аймаг, нийслэл дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж,  цаг үеийн тухайлбал өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, өвс тэжээлээ бэлтгэх шаардлагатай байгааг мөн анхаарууллаа.
Хөвсгөл аймгийн хувьд зам харилцааг  сайжруулж, цахилгаан станц байгуулах ажлыг эрчимжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна гэж Ерөнхий сайд хэллээ. Аймагт боловсрол, соёлын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, Соёл, спортын цогцолбор болон 320-640 хүний суудалтай хичээлийн байр 6, 100 хүүхдийн сурагчдын хоёр дотуур байр ашиглалтад орж болосвролын салбарын үйлчилгээний хүртээмж, нөхцөлд ахиц гарч байгаа. Гэхдээ сургууль завсардалт, сурлагын чанар, агуулгад онцгойлон анхаарах хэрэгтэй байгааг сануулав.
Хөвсгөлчүүд өнгөрсөн онд 24.8 мянган тонн улаан буудай хураан авч, га-гаас дунджаар 19 центнер ургац авсан нь сүүлийн 30 орчим жил гараагүй амжилт юм. Энэ амжилтаа улам бататгахыг Ерөнхий сайд хүссэн талаар хэвлэлийн албанаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж