
Зардал өсөх гол шалтгаан нь эвслийн улс төрийн намууд иргэн бүрд бэлэн мөнгөөр болон бэлэн бусаар 1.5 сая төгрөг тараана гэсэн амлалт өгсөнтэй холбоотой гэж тэд үзжээ. Хэрвээ намууд энэ амлалтаа хэрэгжүүлбэл инфляц дахин хурдтай өсөж, макроэдийн засгийн эмзэг байдал нэмэгдэж, өмнө тохиолдож байсан хөөрөөд-хагарч буух цикл дахин давтагдах болно.
Тавдугаар сарын тоо баримтаас үзвэл инфляц дээшээ өгсөх хандлагатай байсан бөгөөд жилийн өмнөхөөс 11.7 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн 12 сараас хойш инфляц хоёр хувиар нэмэгдсэн. Нийлүүлтийн тал дээр зудтай холбоотойгоор махны үнэ өссөн бол, цахилгааны үнийг өсгөж зохицуулсан нь үнд нөлөөлжээ. Харин эрэлтийн тал дээр хоёрдугаар сард бэлэн мөнгө тараасан нь эдийн засагт нөлөөлсөн байна. Оны эцэст инфляц 20 хувь давах хандлагатай байна гэж Засгийн газар тооцоолж байна. Түүнчлэн дотоод, гадаадын санхүүгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаа нь санхүүгийн салбараа цэгцлэх шаардлагыг Монголд тулгаж байна. Парламентаас Санхүүгийн Тогтвортой Байдлын хууль баталсан нь энэ чиглэлд чухал алхам болж байна. Шинэ хуулиар 2016 оноос хойшоо Оюу Толгой уурхайгаас төсөвт орж ирэх асар их орлогын асуудлыг мөн зохицуулах болно.
Арилжааны өгөгдлөөс үзвэл Монголын экспортын хэмжээ алгуур сэргэж байгаа ажээ. Түүнчлэн зэсийн ханш болон Монголын гадаад худалдааны хамгийн том түнш болох Хятадын нүүрсний импортын хэмжээ өсөж байгаа нь энэ байдалд эерэгээр нөлөөлж байна. Монгол төгрөгний ам.доллартай харьцах ханш тогтвортой байгаа бөгөөд гадаад валютын нөөц өмнө байгаагүй өндөр төвшинд хүрсэн байна.
Банкны салбарын хувьд зээл олголт өссөн байна. Нийт дүнгээрээ арилжааны банкнууд тавдугаар сарын байдлаар 12.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Нийт зээлийн хэмжээнд харьцах чанаргүй зээлийн хэмжээ тавдугаар сарын байдлаар 15 орчим хувь байгаа нь өндөр хэвээр байна. Монгол Банк банкны салбарын шинэчлэлийн стратеги баталсан нь олон улсын санхүүгийн салбар дахь үйл явдлуудаас сургамж авсан алхам болсон. Уг төлөвлөгөөг парламентаар батлуулах нь чухал бөгөөд ингэснээр уул уурхайн салбарын өсөлтөнд банкны салбарыг бэлдэх ба ирээдүйд учирч болзошгүй банкны дампуурлууд, эрсдэл, санхүүгийн зардлыг бууруулах болно.
Үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт бодит цалин буурах үзэгдэл ажиглагдаж байна. Албан бус судалгаанаас үзвэл энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд иргэдийн цалин дунджаар 10 хувиар өссөн байна. Энэ нь барилгын салбарт ажлын байр нэмэгдэж байгаатай холбоотой. Харин хэрэглээний үнийн индекс нэмэгдсэнтэй холбоотойгоор дундаж бодит цалин буурсан дүр зураг ажиглагдаж байна гэж Дэлхий Банкнаас Монголын эдийн засгийн талаар гаргасан улирлын товч тайланд өгүүлжээ.
Т.Бадрах