
Төв шуудангийн хойно, хуучин “Монгол шуудан” банкны саарал байшинг шар өнгөөр будаж, улаан хүрээ татаж “Хадгаламж” банкны Төв болгожээ. Харин Монголбанкны залгаа байрлах Хадгаламж банкийг Төв салбар хэмээн нэрлэжээ. Эдгээр газруудад “Анод” банкны хадгаламж эзэмшигчидтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж буй ажээ.
Тус төв хоёр үйлчилгээний танхимтай ба оронгуут хана даган суух теллерүүдийн тав дахь теллер “Анод”-ын хадгаламж эзэмшигчдийг ерөнхийд нь хариуцаж үйлчилдэг. Түүнийг Цэцэгжаргал гэх ба тэрбээр “Анод” банкинд зургаан жил хүүхдийн хадгаламж эзэмшсэн харилцагчид үйлчилж байлаа. Үйлчлүүлэгчтэй уулзаж санаа бодлыг нь сонсоход, “Анх “Анод”-ын байдал эвгүйтээд л дампуурлаа, найдваргүй зээлдэгч нараас боллоо гэх мэдээллүүдийг сонсч, үйл ажиллагаа нь үргэлжлэх боломжгүйд хүрэхэд айж сандарч цочирдоогүй. Төрөөс арилжааны банкуудыг дампуурсан тохиолдолд хохирлыг нь бүрэн даана гэсэн ойлголттой байсан юм. Тиймдээ ч асуудлыг яаж шийдвэрлэхийг нь хүлээж өнөөдрийг хүрлээ. “Анод”-д мөнгөө хадгалуулсан иргэд “Хадгаламж” банктай харилцах тухай дуулаад энд ирж байна” гэсэн юм.
Иргэний үнэмлэх, хадгаламжийн дэвтэр гэх бичиг баримтууд бүрэн байвал үйлчилгээ үзүүлэхэд цааргалах зүйлгүй аж. Надтай хуучилсан үйлчлүүлэгч хадгалуулсан мөнгөө буцааж авна гэсэн тул мөнгө гаргаж өгөх хүртэл 30 шахам минут болов. Энэ хооронд Цэцэгжаргал гурван ч удаа суудлаасаа босч, үйлчлүүлэгчийн бичиг баримтыг хуулбарлаж, тамгалуулж, дээд албан тушаалтандаа танилцуулах гэх мэтээр ажиллаж байлаа. Ихэнх теллерүүд цайндаа гарч байхад энэ теллер бусдыгаа бодвол арай илүү ачаалалтай байгаа харагдсан. Өдөрт нь дунджаар Хадгаламж банкнаас гадна “Анод”-ын үйлчлүүлэгч 5-6 хүн ирдэг гэнэ.
Хадгаламж банкны Төв салбарын захирал Б.Цэнгэлтэй уулзаж цөөн асуултад хариулт авав.
-Танайд “Анод” банкны хэчнээн хадгаламж эзэмшигчид ирсэн байгаа вэ?
-10 мянган хадгаламж эзэмшигчийн жагсаалт ирсэн байгаа.
-Тэдний хадгаламжийн мөнгийг олгож байгаа юу, энэ мөнгө танай банкны дансанд орж ирсэн үү?
-“Анод” банкинд хадгаламж эзэмшигчид манай банкинд шилжиж ирсэн. Хадгаламж эзэмшигчид “Хадгаламж” банкнаас банкны хүссэн үйлчилгээгээ авч болно. Хадгаламжаа үргэлжлүүлэн хадгалж болно, мөн өөрийн хэрэгцээний мөнгөө зарлагаар авч болно шүү дээ. “Анод” банкнаас 10 000 орчим хадгаламж эзэмшигчдийн мөнгө ирсэн.
-10 мянган хүний хадгаламж хэдий хэр төгрөг шилжин ирсэн бол?
-Харилцагчдын нууц учраас мөнгөн дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Иргэд хадгаламжаа буцаан авах нь их байна уу эсвэл үргэлжлүүлэн хадгалуулж байгаа юу?
-Банкин дахь хадгаламжид баталгаа гаргах хууль гарсан болохоор иргэд банкны талаарх мэдээллийг их тайван хүлээж авсан. Манайхаар “Анод”-ын хадгаламж эзэмшигч өдөрт хамгийн дээд тал нь 10 хүн л үйлчлүүлдэг. Тэдний олонх нь манай банкны нөхцөлөөр хадгаламжаа үргэлжлүүлэн хадгалж байна гэсэн юм.
“Анод” банкинд хадгаламж эзэмшиж байсан харилцагч та хадгаламжнаасаа мөнгөө зарлагадаж болно, цаашид хадгаламжаа үргэлжлүүлж ч бас болно. Ийм тохиолдолд Хадгаламж банкны хадгаламжийн нөхцөлөөр тэдний санал болгосон хадгаламжийн бүтээгдэхүүнээс сонгох аж. Одоогийн байдлаар “Хадгаламж” руу шилжиж ирсэн 10 мянган хадгаламж эзэмшигчээс 200-300 орчим нь хадгаламжийн гэрээгээ шинэчлээд байна.
Түүнчлэн “Анод”-д харилцах данс эзэмшиж байсан үйлчлүүлэгчид мөн эднийхээр андуурч ирэх нь их. Энэ талаар асууж ирэгсэд ч олон гэнэ. Ихэвчлэн компаниуд харилцах данстай байдаг аж. Тэдэнд дуулгахад, “Анод”-ын төв байранд очоорой. Бичиг баримтуудаа авч очоод, харилцах дансны үлдэгдлийн тооцоог хийгээд дансаа хаалгах хэрэгтэй юм байна.
Б.БЯМБАА