С.Батболд Хөвсгөлчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ | News.MN

С.Батболд Хөвсгөлчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.27-нд нийтлэгдсэн

С.Батболд Хөвсгөлчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ

С.Батболд Хөвсгөлчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ
Та бүхнийхээ амар амгаланг эрэн мэндчилье ! Улс эх орныхоо хойморт, уул улсныхаа цэнгэгт аж төрөн суугаа олон ястны өлгий болсон Хөвсгөл нутгийн ажилч хөдөлмөрч иргэдтэйгээ уулзаж байгаадаа миний бие баяртай байна. Та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа “Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн” мэндийг дэвшүүлье.
Ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хороог ахалж буйн хувьд орон нутаг дахь томилолтынхоо жолоог Хөвсгөл нутаг руу залж, та бүхнийг зорьж ирлээ. Томилолтын маань зорилго ойн арга хэмжээнд оролцох, орон нутгийн хөгжил, иргэдийнхээ амьдрал ахуйтай танилцаж, Засгийн газраас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар та бүхэндээ мэдээлж, санал бодлоо солилцох гээд нэлээд өргөн хүрээтэй.
Хөвсгөл нутгийн уугуул, орчин цагийн монгол төрийн нэр хүндтэй түшээ, Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжийн Баяраас хамтарсан засгийн газрын тэргүүний буухиаг миний бие хүлээн аваад есөн сарын нүүр үзэж байна.
Энэ хугацаанд Засгийн газар төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, С.Баярын дэвшүүлсэн 5 төгөлдөршлийн бодлого, зарчмыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ эдийн засаг, нийгмийн салбарт эргэлт, сэргэлт болохуйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан эхлүүлээд байна. Тухайлбал, Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг 4 сард батлуулсанаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоо тэнд 2200 гаруй монголчууд ажиллаж байна. Монгол хүн баталгаат ажлын байртай болж эхэллээ. Зөвхөн Оюу толгойд 5700 гаруй ажлын байр бий болно.
Засгийн газар саяхан Таван толгойн ордыг ашиглах бодлого, үзэл баримтлалаа УИХ-аар батлууллаа. Ингэснээр монгол хүн бүр байгалийн баялагтаа эзэн байх, хувь хишиг хүртэх, хувьцаа эзэмших, өмчтэй болох, үндэсний аж ахуйн нэгж, компаниудын оролцоо эзэмшил давамгайлах эрх зүйн үндэс бүрдсэн. Энэ бол малыг малчдад, орон сууцыг иргэдэд, газрыг хувьд өмчлүүлсэнтэй дүйцэхүйц чухал алхам.
Олон жил ярьсан стратегийн болон эдийн засгийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд эдийн засгийн эргэлтэд орж эхэллээ. Өмнөговийн Ухаа худаг, Нарийн сухайт, Ховдын Хөшөөтийн нүүрсний уурхай, Сэлэнгийн Төмөртэйн хүдрийн ордод манай хувийн хэвшлийнхэн олборлолтыг эхэлж түүхий эдийг экспортолж байна. 2012 оноос Тавантолгойн, 2013 оноос Оюу толгойн ордын үндсэн олборлолт эхэлнэ. Ингэснээр манай улсын экспорт, гадаад худалдаа, улмаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт эрс нэмэгдэнэ.

Уул уурхайн үйлдвэрлэлийг дагаад аж үйлдвэржүүлэлт эрчимтэй хөгжих нөхцөл бүрдлээ. Нүүрсийг угаах, хийжүүлэх, боловсруулах, кокс гаргах, зэс хайлуулах, боловсруулах, газрын тос боловсруулах үйлдвэр, үрлэн төмөрлгийн үйлдвэр бусад үйлдвэрүүдийг барьж байгуулах тооцоо судалгаа, төсөл зураглал хийгдэж, зарим ажил эхэлж байна. 2011-2014 онуудад “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулснаар Монгол улс уул уурхайн баялгаа түүхийгээр нь гадагш гаргах бус, боловсруулах, улмаар эцийн бүтээгдэхүүн болгон экспортлох боломтой болно. Хэдэн мянган шинэ ажлын байр бий болно. Дотоодын нийт бүтээгдэхүүн одоогийнхоос 2-3 дахин өсч, нэг хүнд ногдох хувь хэмжээ эрс нэмэгдэж, хүмүүсийн аж амьдралд мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарна.
Дэд бүтцийн салбарт мянганы зам, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг өмнөх үеийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн зэргэцээ “Төмөр зам”, “шинэ бүтээн байгуулалт”, говийн бүсийн дэд бүтцийн хөгжил гэсэн алсдаа ач холбогдолтой том төсөл хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлэх шийдвэр гаргаад байна.
Эдгээр хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэж, барилгын үйлдвэрлэлийг сэргээн, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэг, эмнэлэг сувилал, соёл амралт, спорт цогцолбор зэрэг нийгэм соёлын байгуулалтыг өргөжүүлэх замаар хүн амын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх асуудлыг цогцоор нь шийдэх зорилт тавьж байна. Төмөр зам төслийн хүрээнд ойрын 4 жилд мянга гаруй км төмөр зам барина. Энэ бүхэн маш их хөрөнгө, хүч шаардах, мянга мянган ажлын байр бий болгох өргөн цар хүрээтэй, аварга бүтээн байгуулалт. Хамтарсан засгийн газар үүнийг хийхээр зориг шулуудан, хийнэ чадна гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна.

“Бидний улс эв санаагаа нэгтэн зориглон хөдөлвөөс мэдэхгүй, чадахгүй гэх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн Их жанжин Сүхбаатарын үг өнөөдөр ч Та бидний үйл хэргийн зоригжуулагч уриа болсоор байна.
Их бүтээн байгуулалтыг Та бид хамтын хүчээр  хийж чадна. Сөргөлцөл талцлын улс төрд цэг тавьж, “стандарт бус” шийдэл гаргаж, эргэлзээ, шүүмжлэлийг туулж байж С.Баярын санаачлагаар байгуулагдсан хамтарсан засгийн газар л энэ бүтээн байгуулалтыг эхлүүлэх, удирдах, эрчимжүүлэх түүхэн үүрэгтэй гэдгийг бид ойлгож байгаа. Чадлын хэрээр хичээж байгаа. Засгийн газрын бодлого, зорилтыг ойлгож, үгээр, сэтгэлээр, үйлдлээрээ  дэмжиж ажиллана гэдэгт Та бүхэндээ итгэж байна.
Уул уурхайд түшиглэсэн үндэсний аж үйлдвэржүүлэлт, төмөр зам, шинэ бүтээн байгуулалтын зорилтыг хэрэгжүүлж эхэлснээрээ манай улс хөгжлийн шинэ үе шатанд шилжиж байгаа юм. Энэ бол улс төр, нийгмийн өөрчлөлтийн 20 жилийг залгаж байгаа эдийн засгийн өсөлтийн, бодит бүтээн байгуулалтын 20 жилийн эхлэл гэдэгт эргэлзэхгүй байна. Ирээдүйдээ итгэлтэй байж, аймаг сум, орон нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж ажиллахыг Та бүхэндээ уриалъя.
Их бүтээн байгуулалт иргэдийн хүчин зүтгэлээр хэрэгжинэ.
Манай орны эдийн засгийн бас нэг голлох бүтэц болох хөдөө аж ахуйн салбарт газар тариалан, мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлж, хураан авч байгаа үр тарианы чанар, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хэрэгцээг бүрэн хангахуйц түвшинд хүргэхээр ажиллаж байна. Энэ нь зөвхөн тухай салбарын үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөх төдий биш, бүхэлдээ манай эдийн засгийн тэр дундаа хүнсний аюулгүй байдлын учир холбогдолтой том агуулгатай, том зорилт тавьж байгааг хэлье.
“Атрын III аяны” үр дүнд өнгөрөгч онд хэрэгцээт үр тарианы 97.0 хувь, төмсний 100 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд 2010 онд улсын хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангах зорилт тавин ажиллахын зэргэцээ 274,3 мянган га-д чанар сайтай уринш боловсруулаад байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр орон нутгийн хэрэгцээг хангах улмаар улсад нийлүүлж, энэ салбарын хөгжилд хувь нэмэрээ оруулах өргөн боломж Хөвсгөлчүүдэд бий.
Өнгөрсөн онд Та бүхэн нийт 24.9 мянган тн улаан буудай хураан авч, га-гаас дунджаар 19 центр ургац авсан нь сүүлийн 30-аад жилд байгаагүй амжилт бөгөөд аймгийн гурилын хэрэгцээт буудайг 100 хувь хангах боломж бүрдсэн нь тэмдэглүүштэй. Энэ ололт амжилтаа улам бататгаж арвижуулахыг хүсье.

Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэх, малыг эрүүлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг 5 дугаар сард УИХ-аас батлан гаргасныг Засгийн газар үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
Өнгөрсөн өвөл, хавар байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл зуд зурхан болж, мал аж ахуйн салбар, малчдын аж амьдралд ихээхэн хүндрэл учруулсан. Энэхүү зудын улмаас 44,0 сая толгойд хүрч байсан мал сүрэг 8,1 сая толгойгоор хорогдож, 8700 гаруй айл өрх огт малгүй болсон. Хөвсгөл аймаг өнгөрсөн онд хамгийн олон мал тоолуулж, хатуу өвөл хаврыг харьцангуй хохирол багатай даван туулсан боловч 800 гаруй өрх айл огт малгүй болжээ.
Зудын хор уршгийг арилгах, зутарч хохирсон малчдынхаа амьжиргааг тэтгэх зорилгоор Засгийн газар саяхан тогтоол гарган “Малчин өрхийг малжуулах журам” батлан хэрэгжүүлж эхэллээ. Энэ журмаар улсын хэмжээнд малгүй болсон нийт өрхийн 50 хувийг энэ онд малжуулах юм. Үүнд зориулан эхний ээлжинд Засгийн газар 3 тэрбум төгрөг гаргаж, аймаг бүрт хуваариласнаас Хөвсгөл аймагт 296 сая төгрөг оногдож байгаа.
Зудын хохирлыг давахад Засгийн газрын хүчин чармайлтаас гадна аймаг орон нутаг, иргэдийн санал санаачлага малчдын бэлтгэл нэн чухал. Бид дандаа “ниргэсэн хойно нь хашгирах”-ын үлгэрээр ажиллаж болохгүй. Энэ нь эдийн засгийн их хохиролтой. Зах зээлийн зарчимд харш гэдгийг хаана хаанаа ойлгох цаг болсон. Иймээс бид угтуулан бэлдэх, цаг хожих, хохирол бага амсах зарчмаар ажиллахыг сануулж байна.
Энэ зорилгоор МАА-н салбарын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг саяхан Засгийн газар гаргасан. Уг тогтоолд маш тодорхой үүрэг даалгаврууд орон нутагт өгөгдсөн. Тухайлбал, аймаг сум бүрт байх өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг тогтоож өгсөн. Хөвсгөл аймаг өвс 1500тн, тэжээл 750тн, сум бүр өвс 200тн, тэжээл 120 тоннийн нөөц бүрдүүлэх хуваарьтай. Ядаж энэ даалгаврыг ёс биелүүлсэн байхыг бид шаардана. Эс биелүүлбэл аймаг сумдад эдийн засгийн, албан тушаалтанд захиргааны хариуцлага тооцох болно.
Зах зээл бол бүхэлдээ хариуцлагын тогтолцоо. Хүнс бараа худалдан авах, ажил үйлчилгээ эрхлэх гээд алхам бүртээ хариуцлагатай хандахыг иргэн хүнээс шаарддаг. Хариуцлаггүй хандвал хордоно, хохирно, ашиг алдагдалд орно гээд хор гор нь их гэдгийг хэн хүнгүй мэдэх цаг болсон. Зуд бол байгаль цаг уурын үзэгдэл боловч хүний нийгмийн хариуцлагын нэг  л шалгуур. Байгалийн шалгалтад дахиад бүдрэхгүйн тулд бэлтгэлээ сайн хангахаас өөр замгүй. Тогтоолд зааснаар хадлангийн болон тэжээл үйлдвэрлэх техникийн заавар үйлчилгээний ажил 7 дугаар сарын 20 гэхэд дууссан байх учиртай. Газар дээрээ ямар байгааг үзэж танилцана. Эрдэнэт мал сүргээ өсгөж, үр шимийг хүртэж амьдрах нь монгол заяа, бурхнаас өгсөн буян хишиг билээ. Үүнийг өнөөдөр зах зээлийн ухаан, шинжлэх ухаан, шинэ технологитой хослуулж чадвал монголын эдийн засаг, монгол хүний амьжиргаанд маш тустай. Ядуурлаас гарах нэг гарц мөн. “Монгол мал” хөтөлбөрийн гол зорилго утга агуулга үүнд байгааг сануулж хэлье.
Монгол хүний хөгжлийг хангах, өөрөөр хэлбэл, монгол хүнийг ажилтай, орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой болгох нь манай Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болно.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн орчин болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж хэрэгжүүлнэ” гэсэн зорилт биелэх хууль эрх зүйн орчинг бүрдүүллээ.
Хүний хөгжил сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулан байгалийн баялгаас олсон орлогыг иргэддээ тэгш, шударгаар хүргэх ажлыг эхлүүлж эхний ээлжинд 70,000 төгрөгийг иргэддээ олгоод байна. Ирэх 8 дугаар сарын 01-нээс эхлэн сар бүр Хүний хөгжлийн сангаас иргэн бүрд 10,000 төгрөг олгож байхаар шийдвэрлэлээ. Энэ нь инфляци, үнийн хөөрөгдөл үүсгэхгүйгээр, иргэдээ тогтмол орлоготой байлгах гэсэн бодлого юм. Цаашид 2011 оны 1 дүгээр сараас сар бүр олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлэн 21,000-аас доошгүй төгрөгт хүргэхээр зорьж байна.
Иргэн бүрт олгох үлдсэн 1,0 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох зэрэг хэлбэрээс нь сонголт хийх саналыг иргэдээс авах ажлыг зохион байгуулсан. Ингэхэд Хөвсгөлчүүдийн 40 хувь малчны, орон сууцны болон бусад зээл, 28 орчим хувь нь тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалд, 27 хувь эрүүл мэндийн үйлчилгээнд, үлдсэн хувь нь боловсролын үйлчилгээнд зарцуулах санал гаргасан байна. Үүнийг ч Засгийн газар харгалзан үзнэ.
Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2010 оны 10 дугаар сарын 01-нээс 30 хувиар өсгөхийн зэрэгцээгээр төрийн албан хаагчдийг орон сууцжуулах үүднээс 4 мянган хүнийг хөнгөлөлттэй зээлд хамруулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхлээд байна.
Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж бэлэн мөнгө, хувь хишиг түгээснээр хүний хөгжил хангагдахгүй. Бид ядуурал хоцрогдлоос гарахгүй. Тиймээс бид цаашдаа хавтгайрсан халамжаас татгалзаж, хүний хөдөлмөрлөх, боловсрох, эрүүл байх нөхцлийг хангахад хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ. Энэ нөхцөл бүрдсэн цагт өөрөө өөрийгөө авч явах чадвартай, хөгжлийн төлөө Монгол хүн төлөвшинө. Манай залуусаас тийм түвшинд хүрч, дэлхийн түвшинд өрсөлдөж, уралдаж, уригдаж, шилэгдэж ажиллаж эхэлж байна. Энэ бол бидний бахархал, манай ирээдүй. Бид чадна гэж хэлж буйн цаана тэд байгаа юм.
Цаг үе өнөөдөр тэтгүүлэгч биш бүтээгч иргэн болохыг хөгжлийн төлөө хүн байхыг Та биднээс шаардаж байна. Үүнд хүн бүр суралцах ёстой. Үүний тулд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэхэд Засгийн газар нэн анхаарч, дэс дараалсан олон арга хэмжээ авч байна. Боловсролтой иргэн Бүтээн байгуулна, монголоо хөгжүүлнэ, мандуулна.
Хөвсгөл аймагт боловсрол соёлын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж Соёл спортын цогцолбор болон 320-640 хүүхдийн суудалтай хичээлийн байр 6, 100 хүүхдийн сурагчдын дотуур байр 2 шинээр ашиглалтад орж, боловсролын салбарын үйлчилгээний хүртээмж, нөхцөлд нааштай ахиц гарч байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч хүүхдийн сургууль завсардалт, сурлагын чанар, агуулгад онцгойлон анхаарах хэрэгтэй байна.
Эрүүл мэндийн салбарыг эрс сайжруулах нь хүний хөгжлийн нэг гол нөхцөл билээ. Танай аймагт нялхасын эндэгдэл, хүн амын өвчлөл төдийлөн буурахгүй, дундаж наслалт улсын дундаас доогуур, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо цөөнгүй байгаа нь анхаарах асуудлын нэг мөн.  Энэ байдлыг харгалзан үзэж, эрүүл мэндийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор танай аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгад засвар хийхэд шаардагдах 300 сая төгрөгийг 2011 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасан.
Хүний хөгжлийн нэг чухал нөхцөл, шалгуур үзүүлэлт бол хөдөлмөр эрхлэлтийг хангах явдал.
Энэ чиглэлээр Засгийн газар багагүй арга хэмжээ авч байгаа. Хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрийг санхүүгийн хувьд дэмжих чиглэлээр 2010 онд 30.0 тэрбум төгрөг баталсан. Үүнээс аймаг бүрт 530 сая төгрөг хуваарилан, арилжааны банкуудаар дамжуулан олгосон. Оны эхний 6 сард иргэд, аж ахуйн нэгжээс нийтдээ 124,5 тэрбум төгрөгийн дүн бүхий 4,5 мянган төсөл ирснийг сонгон шалгаруулж, 67,9 тэрбум төгрөгийн 2,3 мянган төслийг харилцагч банкинд шилжүүлж, зээл олголт хийсэн тухай мэдээг холбогдох байгууллага надад гаргаж өгсөн. Орон нутагт, анхан шатанд үр дүн ямар байгаатай томилолтын явцад тодорхой танилцах болно.

Хөвсгөл аймаг өнгөрсөн онд нийт 24,8 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийж, 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэл, үйлчилгээний 130 орчим төслийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө, түүхий эд, ажлын байрны өргөтгөлд санхүүжилт хийгдэж, ажлын байр бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн гэсэн мэдээ өгсөн.

Гэсэн хэдий ч ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа төдийгүй хүн амын 39.4 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой амьдарч байгаа нь ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар цаашид дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласан нь наана эдийн засгийн утга агуулгатай ч цаана хүний хөгжлийг хангах, иргэдийн бүтээлч санаачлага, бизнес ухаан, авхаалж самбаанд эрх чөлөө олгож байгаагаараа ач холбогдолтой юм. Өнөөдөр улс төрийн эрх чөлөөнөөс эдийн засгийн эрх чөлөөг илүү чухалчлагдсан.

Их бүтээн байгуулалтын хувь заяа хүний хөгжлөөс хамаарна. Тиймээс хүний төлөө анхаарал тавих нь засгийн газрын, орон нутгийн засаг захиргааны төрийн үйлчилгээний бүх байгууллагын нэн эрхэм зорилт байх болно.
Эрхэм хүндэт Хөвсгөлчүүдээ

Далай ээж, Дэлгэр мөрөн, Дархад Шишгэдийн хотгор, Хорьдал Сарьдагийн уулс гээд дэлхийд гайхагдсан онгон байгль, ховор ан, амьтнаар баян энэ сайхан нутгаас эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, Чингүнжав, Даваадорж нарын  эрэлхэг баатрууд, автономитын болон ардын засгийн газрын Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар тэргүүтэй төр, нийгэм, шашин, соёлын нэрд гарсан зүтгэлтнүүд, энх цагийн хөдөлмөрийн баатар, үйлдвэрлэлийн аваргууд, урлаг спортын авъяастнууд олноор төрж, улс эх орныхоо хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, түүхэнд нэрээ үлдээж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Гурван зууны тэртээ манай өвөг дээдэс зэвсэг агсаж, цэрэг жагсааж газар нутаг, үндэс угсааныхаа тусгаар тогтнолоо хамгаалж явсан бол өдгөө Та бүхэн их бүтээн байгуулалтыг өрнүүлж хөдөлмөр бүтээл, мэдлэг оюунаараа эдийн засгийнхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах түүхэн цаг үед ирээд байна. Энд Хөвсгөлчүүдийн хүчин зүтгэл, идэвх оролцоо урьд урьдаас илүү чухал байна. Ийм боломж Та бүхэнд байгаа.
Хөвсгөл аймаг монгол улсын эдийн засгийн хамгийн их нөөц, бололцоотой аймгийн нэг. Хамгийн олон хүн ам, ажиллах хүчинтэй. Хамгийн олон мал сүрэгтэй. Хол ойрын зочид жуулчдыг даллан дуудсан хамгийн онгон тансаг үзэсгэлэн төгөлдөр байгальтай. Газар эхийн хэвлийдээ үнэт эрдэнэс, уурхай баялгийн асар их нөөцтэй. Хүн ард нь эрх чөлөө, ардчилалын өндөр мэдрэмжтэй,  эрх оронч үзлийн уламжлал,  эртний эрчимлэг  ундрагатай.
Иймд манай Засгийн газар Хөвсгөлчүүдээс ихийг хүлээж байна. Бас найдаж байна. Гагцхүү  та бүхэн гар сэтгэл нийлж, ав эеэ нэгтгэж, хөдөлмөрлөж бүтээхийг эрхэм болговол аз жаргал, хангалуун амьдрал ирнэ.
Хотгойдын шадар ван Чингүнжавын амь насаараа хамгаалан Та бидэнд үлдээсэн эх орныхоо тусгаар тогтнолын эдийн засгийн баталгааг улам батжуулж, Монгол эх орон, Хөвсгөл сайхан нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.
Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаа бататгаж, улам ихийг хийж бүтээхийн төлөө хамтдаа чармайн ажиллахыг хүсье.   Та бүхэнд хамгийн сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж