Андрей Голубеев анхны цомоо Хамбургт өргөв

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Андрей Голубеев анхны цомоо Хамбургт өргөв

Германы Хамбург хотноо зохион байгуулагдсан олон улсын нээлттэй тэмцээн уг нь мастеруудын цувралд багтдаг байсан боловч өнгөрсөн жилээс чансаа буурч АТР-500-гийн ангилалд багтах болсон юм. Тиймээс ч оролцогчдын чансаа эрс буурч, зохион байгуулагчдын зүгээс тэмцээний нэр хүндийг өргөхөөр олон арга хэмжээ зохиож, шагналын санг нэг сая еврод хүргэсэн ч энэ жилийн тэмцээнд мөн л дундаж чансаатай тамирчид өрсөлдсөн юм.
Гэхдээ шөвгийн наймд урьд өмнө шалгараагүй найман теннисчин үлдсэнээр олны анхаарлыг ихээхэн татаж чадсан байна. Улмаар аваргын төлөө Австрийн Юрген Мелцер, Казахстаны Андрей Голубеев нар шалгарч тоглолоо. 7500 үзэгчдийн дэмжлэг дор хоёр теннисчний тулаан эхэлж, Андрей Голубеев давуулалтуудаа маш амжилттай оноо болгож байв. Найм дахь геймд 23 настай Казахстаны залуу теннисчин брейк хийснээр 6:3 харьцаатай эхний сетэд хожсон байна. Энэ нь Мелцерийн бүх тэмцээний турш дахь анхны сетийн хожигдол болсон аж. Хоёр дахь сетэд дэлхийн №15 Австрийн теннисчин өрсөлдөгчийнхөө давуулалтыг оноо болгох боломжтой байсан ч ашиглаж чадсангүй. Алдаа их гарсан энэ сетийн 12 дахь геймд Андрей Голубеев ялалт байгуулснаар нэг цаг, 30 минут үргэлжилсэн тоглолтод хожиж, анхны АТР-гийн цомоо өргөлөө. Мөн Андрей Голубеев нь АТР-гийн цуврал тэмцээнд түрүүлсэн Казахстаны анхны теннисчин болсон байна. Түүний чансаа 500 оноогоор ахиж, дансанд нь 228 мянган евро нэмэгдсэн бол үзүүрлэсэн Австрийн Юрген Мелцэр 104 мянгыг халаасалж, чансаагаа 300 оноогоор ахиуллаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж