Г.Занданшатар сайд чуулганд оролцов

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар сайд чуулганд оролцов

Г.Занданшатар сайд чуулганд оролцов
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар энэ сарын 22-23-нд Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулга- АРФ-ын сайд нарын 17 дугаар уулзалтанд оролцжээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хуралдааны үеэр АНД, Зүүн Хойд Азийн бүс нутгийн өнөөгийн улс төрийн байдлаар өөрийн улсын үзэл бодол, байр суурийг илэрхийлж, ялангуяа дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд НҮБ-ын гүйцэтгэх үүргийг онцолж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн  статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулах зэрэг асуудлуудад бусад сайд нарын анхаарлыг хандуулав. Тэрбээр мөн Монгол Улс НҮБ болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа талаар мэдээлжээ.
ХИЛЛАРИ КЛИНТОН МОНГОЛД АЙЛЧИЛНА ГЭВ

Сайд Г.Занданшатар АРФ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтонтой уулзаж, хоёр талын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалыг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотолж, Монгол Улсын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой тус тус тохиох ирэх 2011 онд Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг Монгол Улсад айлчлахыг урьж, айлчлал хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Хатагтай Хиллари Клинтон талархан урилгыг хүлээн авч танай сайхан оронд заавал айлчлах болно гээд Монгол Улсын ардчилсан хөгжлийн 20 жилийн ойд, мөн тус улс 2011 оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсонд баяр хүргэж, нийгэмлэгийн үйл ажиллагааг явуулахад тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

Г.ЗАНДАНШАТАР БНСВУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ

Сайд Г.Занданшатар мөн БНСВУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Зиа Кхиемтэй уулзаж, монгол, вьетнамын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг нэмэгдүүлэх, тухайлбал Вьетнам Монголоос мах, малын гаралтай түүхий эд импортлох, өргөн хэрэглээний бараа, ариун цэврийн бүтээгдэхүүн экспортлох боломж байгааг дурьдав.  Эдгээр боломжуудыг ашиглахад тухайлбал ирэх сарын сүүлээр Улаанбаатар хотноо болох ЗГХК-ын хурал тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа талууд илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газар мэдээллэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж