Сайд Г.Занданшатар АРФ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтонтой уулзаж, хоёр талын болон бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийх айлчлалыг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотолж, Монгол Улсын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой тус тус тохиох ирэх 2011 онд Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг Монгол Улсад айлчлахыг урьж, айлчлал хоёр талын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв. Хатагтай Хиллари Клинтон талархан урилгыг хүлээн авч танай сайхан оронд заавал айлчлах болно гээд Монгол Улсын ардчилсан хөгжлийн 20 жилийн ойд, мөн тус улс 2011 оноос Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсонд баяр хүргэж, нийгэмлэгийн үйл ажиллагааг явуулахад тодорхой дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.
Г.ЗАНДАНШАТАР БНСВУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДТАЙ УУЛЗАВ
Сайд Г.Занданшатар мөн БНСВУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Фам Зиа Кхиемтэй уулзаж, монгол, вьетнамын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг нэмэгдүүлэх, тухайлбал Вьетнам Монголоос мах, малын гаралтай түүхий эд импортлох, өргөн хэрэглээний бараа, ариун цэврийн бүтээгдэхүүн экспортлох боломж байгааг дурьдав. Эдгээр боломжуудыг ашиглахад тухайлбал ирэх сарын сүүлээр Улаанбаатар хотноо болох ЗГХК-ын хурал тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа талууд илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газар мэдээллэв.
Холбоотой мэдээ