Контадор түрүүлж, Армстронг зодог тайлав

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Контадор түрүүлж, Армстронг зодог тайлав

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Альберто Контадор гурав дахиа Tour de France уралдаанд түрүүлж байна. 2007, 2009 оны аварга Испани дугуйчин уралдааны сүүлийн гараанд 81-р байрт орж ирсэн ч гол өрсөлдөгч Энди Шлек түүний хойно барианд орсноор 39 секундын давуутай энэ жилийн уралдааныг нийлбэр дүнгээр тэргүүлж, аварга боллоо. Люксембургийн дугуйчин уралдааны 19 дэх гараа буюу цагийн уралдаанд Контадороос 31 секунд хоцорсноор уралдааны хоёрдугаар байртайгаа эвлэрэхэд хүрсэн юм. Харин ерөнхий дүнгээр гуравдугаар байрт ОХУ-ын дугуйчин Денис Меншов оржээ.

Энэ удаагийн 20 дахь гарааны ялагч нь Марк Кавендиш болсон. Их Британийн дугуйчин ийнхүү Парист сүүлийн хоёр жил хамгийн хурдан нь байв. Өдгөө 25 настай түүний хувьд Tour de France уралдааны 15 дахь, нийт 59 дэх түрүү нь болж байна. М.Кавендиш ногоон цамцны эзэн буюу онооны лидер болох боломжтой байсан ч түүний өрсөлдөгч Алессандро Петаччи гарааны хоёрдугаар байрт орсноор ногоон цамцыг өөртөө хадгалж үлджээ. 1968 оноос хойш Италийн дугуйчин Tour de France уралдааны онооны лидер болоогүй хар цувралыг А.Петаччи ийнхүү зогсоосон юм.
Сонирхуулахад, Tour de France уралдааны долоон удаагийн аварга Лэнс Армстронг нийт дүнгээр 23-р байрт орсон аж. Түүнийг ийм тааруу амжилт гаргахад уралдааны найм дахь гараанд гурван удаа осолдсон нь нөлөөлсөн юм. 38 настай Америк дугуйчин энэ уралдааны дараа зодог тайлж байгаагаа мэдэгдсэнээр их спортоос хоёр дахиа хөндийрч байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж