
Бороо хургүй, халуун нартай өдөр болж өнгөрсөн уралдааны гараа хэсэг үнэхээр сонирхолтой болсон бөгөөд Веттель Алонсог шахах үед нөгөө талаар нь Масса хурд хийн уралдааны тэргүүллийг өөрийн болгосон юм.
Үүгээр ч зогсохгүй Веттель тэргүүн байраа ердөө хэдхэн секундын дотор алдаж, бүр гуравдугаар байр руу ухарсан. Гэхдээ Веттель цаашид энэ байраа хадгалсаар шагналын тавцанд Герман улсыг төлөөлөн гарсан юм.
Германы Гран-приг нийтдээ таван нисгэгч дуусгалгүй орхисны тэргүүн магнайд “Torro Rosso” багийн Себастьян Буэми бичигдлээ. Тэрбээр эхний тойрогт уралдаанаа дуусгасан бол Ярно Труллигийн хурдны хайрцагт асуудал гарснаар гурав дахь тойргоос замаа дуусгасан юм. Тэдний жагсаалтыг Ямамото, Ди Грасси, Ковалайнен нар үргэлжлүүлжээ.
Нэгнийгээ гүйцэж түрүүлэхэд хэцүү гэгдэх энэ зам хүнд эргэлтүүдтэйгээс гадна нарийхан. Тийм учраас дэлхийн аваргад түрүүлэх боломж бараг л үгүй Массаг хэрхэн хойш нь оруулж, Алонсог түүний урд гаргахаа бодож олсон “Ferrari” баг энэ арга хэмжээгээ дэндүү илэрхий хэрэгжүүлжээ. Үүнийхээ үр дүнд тэд 100 мянган еврогоор торгуулаад зогсохгүй хэрэг дараагийн шат руу шилжсэн байна. Хэрэг гэдэг нь зориудаар Масса, Алонсод багийн өгсөн даалгаврын дагуу зам тавьж өгсөн явдал юм.
Ингэснээр Алонсо түрүүлж, Масса дэд байр эзэлсэн. Харин дөрөвдүгээр байрт Льюис Хэмилтон, тавдугаарт Женсон Баттон хурдалсан бол зургадугаарт Марк Уэббэр бариалжээ. Гэхдээ Уэббэрийн машин асуудалтай байсан бололтой.
Ингэснээр Хэмилтон 157, Баттон 143, Уэббэр, Веттель нар 136, Фернандо Алонсо 123 оноотой болсон. Харин Зохион бүтээгчдийн цомд “McLaren” 300 онооны босгыг давсан бол “Ferrari” дөнгөж 200 давж байна. Тэдний дунд 272 оноотой “Red Bull” бичигдэж байгаа юм.
Score Studio