Баянхонгорт хонины мах 5000 төгрөгт хүрч өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Баянхонгорт хонины мах 5000 төгрөгт хүрч өсчээ

Үндэсний статистикийн хорооноос долоо хоног тутамд гаргадаг өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн судлагаа гарчээ. Уг судалгаагаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх зургадугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 10.2 хувь, долдугаар сарын 7-ны үнэтэй харьцуулахад 3.3 хувиар буурсан байна. Хонины махны үнэ өмнөх сарын дундаж үнээс 18.1-20.5 хувь, үхрийн махны үнэ 15.1-19.2 хувь, адууны махны үнэ 21.6 хувь, ямааны махны үнэ 16.6 хувиар буурчээ. Долдугаар сарын 21-ний байдлаар нийслэл хотод нэг кг хонины ястай махыг дунджаар 4156 төгрөгөөр худалдаж байгаа бол  үхрийн ястай мах кг нь  4656 төгрөг, ямаа болон адууны мах  3260 төгрөгийн үнэтэй байжээ. Хонины цул мах  4300 төгрөг, үхрийн цул мах 5188 төгрөг байгаа аж. Харин хөдөө орон нутгаас ирүүлсэн мэдээгээр Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт мах 100-1300 төгрөгөөр хямдарсан бол Баянхонгор аймагт махны үнэ 700 төгрөгөөр өссөн байна. Хонины махны үнэ Баянхонгор аймагт 5000 төгрөгт хүрчээ.  Гэтэл Архангай аймагт хонины мах 2800 төгрөг байгаа нь хамгийн хямд үнэ аж.
Аймгуудад үхрийн махны үнэ өмнөх долоо хоногийнхоос Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Увс, Ховд, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймагт 100-1500 төгрөгөөр буурсан бол Баянхонгор аймагт 500 төгрөгөөр өсчээ. Төв, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байгаа ажээ. Үхрийн махыг Завхан аймагт хамгийн үнэтэй /4500 төгрөг/, Архангайд хамгийн хямд /3200 төгрөг/ зарж  байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж