Буриад улсын Эрхүү, Чита муж, Өвөр-Байгалийн хязгаараас болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн Буйр аймгаас нийт 1200 гаруй зочид ирж оролцон жилээс жилд хүрээгээ тэлэн өргөжсөөр байгаа юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тус наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон УИХ-ын гишүүд ирж баярын мэндчилгээ дэвшүүллээ. Буриад үндэстний урлаг, спортын их баяр наадмын нээлтэд Ардын жүжигчин Д.Жаргалсайхан “Мэнд Амар” дуугаа дуулж, циркийн морьтон баатруудын үзүүлбэр болон урлагийн тоглолтуудуудаар буриад зон олноо баясгалаа. Тус наадмын нээлтийг соёлын гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа найруулжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд буриад бөхийн барилдаан, буриад сур харваа болов. Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилсэн Буриад үндэстний “Алтаргана-2010” олон улсын соёл урлагийн наадмын хүрээнд “Буриадын нэг өдөр” сэдэвт ардын аман зохиолын уралдаан, Буриадын орчин үеийн болон ардын дууны тэмцээн, яруу найргийн наадам, уламжлалт буриад гэрийн үзэсгэлэн, “Буриад хувцас”-ны загвар зохион бүтээгчдийн уралдаан, “Алтаргана” гэрэл зургийн уралдаан, Баримтат болон уран сайхны киноны өдөр, Буриадын яруу найргийн наадам, Үлгэр туульчдын тэмцээн, сэтгүүлчдийн “Алтан саг” тэмцээнүүд болсон юм.
Буриад зоны гоо бүсгүй тодров
Наадмын хүрээнд зохиогдсон “Дангина” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн Соёлын төв өргөөнд болж ОХУ, Өвөрмонгол, Буриад, Хятад, Монгол зэрэг улсын 16 гоо бүснүй авъяас чадвар, гоо сайхан, оюун ухаанаараа өрсөлдсөн юм. Тус наадмын тэргүүн байранд ОХУ-ын гоо бүсгүй Иванова Гыма, хоёрдугаар байранд Буриадын Арюна Бубеева, гуравдугаар байранд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Н.Сарангэрэл нар тус тус шалгарлаа. “Алтаргана” наадмын тэргүүн гоо бүсгүйг хагас сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдав.
Буриадууд гарын ураа гайхууллаа
Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд “Буриадын уламжлалт ардын гар урлал үзэсгэлэн, уралдаан” болж шилдэгүүдээ шалгаруулав. Уг үзэсгэлэнд Монгол, ОХУ-ын Чита, Эрхүү муж болон БНБУ-ын Улаан-Үд, Өвөр-Байгалийн хязгаараас урлаачид ирж оролцлоо. Буриадын язгуур урлал, ахуй соёлын уламжлалыг илэрхийлсэн зуртал, зормол, баримал, сийлбэр, хайчилбар, цоолбор, уран дарханы урлал, адууны үсийг боловсруулах урлал, үндэсний загвартай бэлэг дурсгалын зүйл, буриад хээ, хуар, мөнгөөр хийсэн гоёл чимэглэлийн иж бүрдэл, үндэсний хувцас зэрэг бүтээлүүд дэлгэсэн юм. Уралдааны тэргүүн байр, алтан медалийн эзнээр Эрдинеева Намжилмаа “Барга баатар” цувралаараа, хоёрдугаар байрт мөнгөн медалиар Осипов Ефим, гуравдугаар байр хшрэл медалиар Эрдинеев Юурий нар шалгаран мөнгөн шагнал гардав.
“Алтаргана-2010” наадмын шилдэгүүдийн тоглолт
“Алтаргана-2010” наадмын хаалтын тоглолт өнгөрсөн баасан гаригт Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө. Тоглолтод “Алтаргана-2010” наадмын хүрээнд зохион байгуулсан олон уралдаан тэмцээний шилдгүүд хүрэлцэн ирсэн бөгөөд, тэдэнд шагналыг нь гардуулсан юм. Шилдгийн шилдгүүд цугласан тус төрийн шагналт Д.Лувсаншаравын хөгжим, төрийн шагналт С.Сүхбаатарын дэглэлтээр “Алтарганы тойрон бүжиг”-гээр нээв. Үүний дараагаар Буриад Улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа хүн бүхний сайн мэдэх “Гамнаарай” дууг гайхалтай дуулж үзэгчдийг баясгасан. Мөн гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Бүтэд соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг нар хамтран “Хан шувуу”, гавьяат жүжигчин, Буриад Улсын ардын жүжигчин Д.Жаргалсайхан “Ёохор” дуугаар үзэгчдийг бишрүүлсэн. Харин “Хөсөгтөн” хамтлагийнхан “Алтаргана” аялгууг эгшиглүүлж, үзэгчдээс харамгүй алга ташилтыг хүртэв. Энэ үдшийн бас нэгэн гайхалтай үзүүлбэр нь загварын үзүүлбэр байв. Буриад үндэсний хувцасыг орчин үеийн хувцас загвартай хослуулан тайзнаа дэлгэлээ. Үндэсний найрал хөгжим удирдаач Ганбатын удирдлагаар “Их тайган тэнгэр шүтээн” аялгуугаар наадмын зочид төлөөлөгчид, үзэгчдийн сонорыг мялаав. Үндэсний дуу бүжгийн чуулгын бүжигчид “Хун байгалийн чимэг” бүжгийг бүжив.
“Алтаргана” наадмын хаалтын ажиллагаанд Монгол Улсын тамгийн газрын дарга Д.Баттулга зочид, төлөөлөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүлсэн бол Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд С.Отгонбаяр наадмыг хаан үг хэлэн 2012 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Чита хотноо болох “Алтаргана-2012” наадмын шилжин явах тугын Өвөр-Байгалийн хязгаарын захирагч Р.Ф.Гениатулинд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв. Ийнхүү буриад зон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо гурав хоног наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ.
А.БАРС