Д.Төмөрхүлэг домогт Номураг номхотголоо

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг домогт Номураг номхотголоо

Монголын анхны олимпийн аваргыг төрүүлсэн жүдо бөхийн спортын “Дэлхийн цом”-ын нэр хүндтэй тэмцээнийг монголчууд бид эх орондоо үзэж сонирхлоо. Үүнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ, Монголын жүдо бөхийн холбооны IJF-д /Олон улсын жүдо бөхийн холбоо/ эзлэх байр суурь, нэр хүндийн илэрхийлэл гэхээс аргагүй билээ. IJF-ийн дүрэм ёсоор энэ удаагийн “Дэлхийн цом”-д түрүүлсэн тамирчин чансааны 100 оноо нэмж авах бол мөнгөн медалийг 60, хүрэл медалийг 40 оноо дагалдсан бөгөөд олимпийн эрхийн оноо өгч байгаа тул мөнгөн шагналгүй байхаар тогтсон байв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээний эхний өдрийн барилдаанаас манай тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, зургаан хүрэл, нийт 12 медаль хүртсэн бол хоёр дахь өдөр болсон хүнд жингийн барилдаанаас нэг алт, нэг мөнгө, зургаан хүрэл медалийн эзэн болов. Олон улсын жүдо бөхийн холбооноос “Дэлхийн цом”-ын тэмцээнийг зохион байгуулагч орныг тус тэмцээнд жин тус бүрт дөрвөн тамирчин оролцуулах эрх олгодог учир олон тамирчин оролцуулж, тэр хэрээрээ амжилт нэмэгдэж, олимпийн эрхийн оноогоо нэмэх боломж олгож байгаагаараа энэ тэмцээн том ач холбогдолтой юм. 

Манай улс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Чингис хаан-2010 дэлхийн цом”-ын тэмцээнд дэлхийн 19 орны 156 жүдоч зодогложээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор явуулсан тус тэмцээнд оролцохоор олимпийн наадмын медальтай дөрөв, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтай 20 орчим тамирчин манай эх оронд хүрэлцэн ирсэн юм.

Тэдний дунд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, олимпийн наадмын гурван удаагийн аварга, Японы алдарт жүдоч Тадахиро Номура /60 кг/, Дэлхийн залуучуудын хошой аварга Чехийн Лукас Крпалек /-100 кг/, Бээжингийн олимпийн наадмын мөнгөн медальт, БНАСАУ-ын тамирчин Ань Кум-аи /52 кг/, Дэлхийн аваргын хошой алт, хошой хүрэл медальт, Ираны жүдоч Араш Миресмаейли /66 кг/, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Японы Ямамото Норихидэ /90 кг/, залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт, Японы Юүка Нишида /52 кг/, дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Ань Жон-хуан /66 кг/, залуучуудын дэлхийн аварга БНСУ-ын тамирчин Ким Вон-жун /73 кг/, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл, залуучуудын дэлхийн аваргын алтан медальт, БНСУ-ын Ким Жаэ-бум /81 кг/, 2003 оны дэлхийн аварга, Афины олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, БНСУ-ын Хван Хи-тэ /-100 кг/, “Бээжин-2008” наадмын хүрэл, дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Жон Гён-ми /-78 кг/, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт, Польшийн тамирчин Эйтель Грзегорз /+100 кг/, залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт, Украйны тамирчин Ирина Кинзерска /+78 кг/ нар багтжээ.

Д.Төмөрхүлэг “Дэлхийн цом”-ын хошой аварга боллоо

“Дэлхийн цом”-ын тэмцээний хүчтэй өрсөлдөгч, хүндтэй зочдын нэг нь энэ удаагийн тэмцээний 60 кг-д өрсөлдсөн олимпийн гурван удаагийн аварга, Японы алдарт бөх Тадахиро Номура байсан юм. Алдарт бөх Тадахиро Номура энэ удаа аваргын төлөөх барилдаанд манай шилдэг залуу бөхчүүдийн нэг, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Д.Төмөрхүлэгтэй таарсан юм. Олны сонирхлыг зүй ёсоор татсан тус барилдаанд манай бөх Д.Төмөрхүлэг олимпийн гурван удаагийн аварга Номураг юко үнэлгээгээр ялснаар жүдогийн домог болсон алдарт тамирчныг буулган авсан анхны Монгол жүдоч боллоо. 1996, 2000, 2004 оны олимпийн наадмын алтан медалийн эзэн, алдарт бөх Тадахиро Номура 1996 оны Атлантагийн олимпод олимпийн хүрэл медальт Д.Нармандах гавьяатыг ялж байсан бол 2000 оны Афины олимпод дэлхийн аварга Х.Цагаанбаатарыг ялж байсан түүхтэй юм. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг ийнхүү “Чингис хаан” дэлхийн цомын тэмцээний аварга болсноор энэ онд хоёр дахь “Дэлхийн цом”-доо түрүүлээд байна. Манай тамирчин өмнө нь өнгөрсөн хоёрдугаар сард Австрийн Вена хотноо болсон “Дэлхийн цом”-д түрүүлж байсан юм.

Х.Цагаанбаатар VS С.Мияарагчаа

Тэмцээний эхний өдрийн сонирхолтой барилдааны нэг нь 66 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаан тооцогдоно. Энэ жингийн аваргын төлөөх барилдаанд Олон улсын жүдо бөхийн холбооны чансааг тэргүүлэгч, Афины олимпийн хүрэл, Дэлхийн аваргын алтан медальт Х.Цагаанбаатар, чансааны гуравт бичигдэж буй ОУХМ С.Мияарагчаа нар үлдсэн юм. Манай хоёр тамирчинд дэлхийн чансааны 1, 3-т бичигдэх болсноос нь хойш “Дэлхийн цом”, “Их дуулга” гээд дэлхийн томоохон тэмцээнүүдэд аваргын төлөө барилдах боломж өнөөдрийг хүртэл хараахан олдоогүй байсан юм. Харин эх орондоо болсон “Дэлхийн цом”-д тэд ийнхүү аваргын төлөө учраа таарч, энэ барилдаанд дэлхийн аварга Х.Цагаанбаатар вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө ялсан нь дэлхийн жүдо бөхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх сонирхолтой барилдааны нэг байлаа.

Олимпийн аварга “Дэлхийн цом”-ын аварга боллоо

Олимпийн аваргын алтан медалийг эх орондоо анх удаа авчирсан Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Бээжингийн олимпийн наадмаас хойшхи олон улсын чанартай тэмцээний анхны медалиа хүртэж, нутагтаа болж буй “Чингис хаан-2010 дэлхийн цом”-ын тэмцээнд аваргаллаа. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт, ОУХМ Б.Тэмүүлэнг цэвэр ялснаар “Дэлхийн цом”-ын аварга боллоо.

Найзууд Монголд уулзав

 “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөхөөр ирсэн Японы домогт бөх, олимпийн гурван удаагийн аварга  Тадахиро Номура /1996, 2000, 2004/ их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн сайн найз нь ажээ. Их аварга найзынхаа барилдааны тухай сэтгэгдлээ хэлэхдээ “Монголд маш халуун байна. Цаг агаарын ийм нөхцөл байдал Номурад нөлөөлж байх шиг байна. Би ч гэсэн Японд удаан хугацаанд байж байгаад Монголд ирэхэд эхэндээ жаахан хэцүү байдаг. Тэгэхээр Номурад ийм халуун, 40 гаруй хэмийн халуунд барилдана гэдэг хүнд байх нь аргагүй байх. Гэхдээ олимпийн наадамд гурван удаа түрүүлсэн домогт бөх манай оронд ирж барилдаж байгаад нь найздаа их баярлаж байгаа” гэж байлаа. Асашёорюү энэ тэмцээний үеэр Монголын бөхчүүдээ дэмжихээс гадны олон жилийн амжилт ялалтынх нь салшгүй нэгэн хэсэг болсон арлын орны бөхчүүдийг хөгжөөн дэмжиж байв.

“Дэлхийн цом”-ын тэмцээний медальтнууд

Манай тамирчид энэ удаагийн тэмцээнээс 5 aлт, 3 мөнгө, 12 xүрэл медаль хүртсэн бол 10 жүдоч шагналт 5-р байр, 13 тамирчин долдугаар байр тус тус эзэлжээ. Тавдугаар байрын тамирчид олимпийн эрхийн оноондоо 20 оноо нэмэх бол долдугаар байр эзэлсэн жүдочид 16 оноо нэмжээ.

Эрэгтэй 60 кг:

Алт: Д.Төмөрхүлэг /Монгол/
Мөнгө: Тадахиро Номура /Япон/
Хүрэл: Д.Амартүвшин /Монгол/
Хүрэл: Такеши Мацүки /Япон/

Эрэгтэй 66 кг:

Алт: Х.Цагаанбаатар
Мөнгө: С.Мияарагчаа
Хүрэл: Б.Хишигбаяр
Хүрэл: Шого Маэно /Япон/

Эрэгтэй 73 кг:

Алт: Г.Пүрэвдорж /Монгол/
Мөнгө: Майкл Элдред /АНУ/
Хүрэл: Г.Одбаяр /Монгол/
Хүрэл: С.Ням-Очир /Монгол/

Эрэгтэй 80 кг:

Алт: Ким Жае-бум /БНСУ/
Мөнгө: Азамат Сидаков /ОХУ/
Хүрэл: Ласло Чоконай /Унгар/
Хүрэл: О.Ууганбаатар /Монгол/

Эрэгтэй 91 кг:

Алт: Квон Ён-ву /БНСУ/
Мөнгө: Самир Гучапшев /ОХУ/
Хүрэл: Э.Энхбат /Монгол/
Хүрэл: Алемнар Кассачмев /Казахстан/

Эрэгтэй -100 кг:

Алт: Н.Түвшинбаяр /Монгол/
Мөнгө: Б.Тэмүүлэн /Монгол/
Хүрэл: Э.Тулга /Монгол/
Хүрэл: Роман Полосин /ОХУ/

Эрэгтэй +100 кг:

Алт: Грзегорз Эйтел /Польш/
Мөнгө: Сослан Бостанов /ОХУ/
Хүрэл: Аслан Камбиев /ОХУ/
Хүрэл: Ким Сү-вхан /БНСУ/

Эмэгтэй 48 кг:

Алт: Харуна Асами /Япон/
Мөнгө: Чун Жун-ён /БНСУ/
Хүрэл: Б.Бат-Эрдэнэ /Монгол/
Хүрэл: Хван Рюү-ок /БНАСАУ/

Эмэгтэй 52 кг:

Алт: Юүка Нишида /Япон/
Мөнгө: М.Бундмаа /Монгол/
Хүрэл: Ань Кум-аэ /БНАСАУ/
Хүрэл: Ким Кюн-ок /БНСУ/
Эмэгтэй 57 кг:
Алт: Ким Жан-ди /БНСУ/
Мөнгө: Рим Юүн-хуи /БНАСАУ/
Хүрэл: Со Ми /БНСУ/
Хүрэл: Т.Баттөгс /Монгол/

Эмэгтэй 63 кг:

Алт: Ц.Мөнхзаяа /Монгол/
Мөнгө: Кун Жа-ён /БНСУ/
Хүрэл: Ким Сү-гён /БНАСАУ/
Хүрэл: Муцүми Мацүока /Япон/

Эмэгтэй 70 кг:

Алт: Хван Е-сүл /БНСУ/
Мөнгө: Пак Ка-ён /БНСУ/
Хүрэл: Юүка Илда /Япон/
Хүрэл: Ц.Наранжаргал /Монгол/

Эмэгтэй -78 кг:

Алт: Катерин Жакиес /Бельги/
Мөнгө: Жён Гён-ми /БНСУ/
Хүрэл: П.Лхамдэгд /Монгол/
Хүрэл: Галия Улментаева /Казахстан/

Эмэгтэй +78 кг:

Алт: И Жун-юн /БНСУ/
Мөнгө: Ким На-юун /БНСУ/
Хүрэл: Д.Цэрэнханд /Монгол/
Хүрэл: Ирина Кинзерска /Украйн/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж