Гольфын спортын тухай

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Гольфын спортын тухай


Тэртээ XII зуунд Шотландын нэгэн хоньчин хонио хариулж явахдаа уйдаж, хийх зүйлээ олж эс чадаад жижиг бөөрөнхий чулууг модоор цохисонд нөгөөх чулуу туулайн нүх рүү орчихжээ. Түүний энэ тохиолдлоор, санамсаргүй сэдсэн тоглоомонд найз нөхөд, гэр бүлийнхэн нь ч дурлаж, шинэ төрлийн зугаа бүгдэд таалагдах болсноор өнөөгийн дээдсийн тоглоом гэгддэг “гольф” үүссэн гэдэг.

Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, мэргэжлийн спортын хэмжээнд хүрсэн гольфын спортын гол зарчим нь ногоон зүлгэн дээр тоглогч хэд хэдэн төрлийн цохиур (club) ашиглан бөмбөгийг нүх рүү цохиж оруулах явдал юм. Ингэхдээ хамгийн цөөн удаа цохилт гүйцэтгэсэн нь тэр чинээгээр ялалтад ойртоно.

Гольфын үүсэл, уг сурвалжийг яг таг тодорхойлон хэлэх боломжгүй. Өдгөөг хүртэл үргэлж маргаантай байсаар ирсэн гольфын түүхийг олон улс өөрийнхөө түүхтэй холбон тайлбарладаг боловч дундад Европын орнуудаас гаралтай гэсэн албан бус баримт байдаг юм.

Тэртээ 1297 онд Недерландын Лоенен гэх хотод голландчууд арьсан бөмбөгийг модон саваагаар цохидог, гольфтой төстэй тоглоомоор тоглодог байж. Өнөө цагийн гольфын спортын ерөнхий зарчимтай адилаар хэдэн зуун ярдын зайнаас саваагаар бөмбөгийг цохиж, нүх рүү оруулах ёстой бөгөөд хамгийн цөөн тооны цохилтоор бөмбөгийг байнд нь тусгасан хүн ялагч нь болдог байв.

Зарим судлаачид Недерландаас өмнө Шотландад гольфтой төстэй тоглоомоор хүмүүс зугаацдаг байсан хэмээн нотолдог. Харин үүнээс ч өмнө, Шотландаас бараг 500 гаруй жилийн өмнө Хятадын Тан эриний үед чуй-ван гэх тоглоомоор тоглодог байсан нь эдүгэ цагийн гольфын спортын эхлэл байсан гэж хэсэг бүлэг эрдэмтэн судлаачид үздэг байна. Мөн түүнээс гадна Франц болон Бельгиуд ч иймэрхүү хувилбарыг дурсдаг аж. Түүнчлэн Голландад “колвен” гэх мөсөн дээр тоглодог тоглоом маш алдартай байсан бол Римд “паганика” гэх тоглоом ихэд дэлгэрч байгаад шинэ тооллын 400-гаад оны үед Британид дамжин ирсэн гэх ч яриа бий.

Харин орчин цагийн гольфын үүслийг авч үзвэл Шотландын Сент-Эндрьюс гэх жижигхэн хотыг сонгодог гольфын эх нутаг хэмээн нэрлэдэг аж. Энэ хотод зургаан зууны тэртээ байгуулагдан, өдгөө нурсан сүмийн хананд тахир цохиур мод барьсан хүний зураг байдаг. Энэ зураг 1350-иад онд хамрагдах ба гольф тоглоомыг гэрчилсэн хамгийн анхны баримт юм. Жеймс хэмээх ван, түүний цэргүүд үндсэн үүрэгт ажил болох цэргийн бэлтгэл сургуулилт хийхээ умартан, энэ тоглоомд татагдах болсон тул 1457 онд Шотландын төрийн эрхтнүүд гольф тоглохыг хориглосон зарлиг гаргасныг тогтоолд дурдсан байдаг.

Гольф хөгжлийнхөө явцад олон үе шатыг туулан хувирч, өөрчлөгдсөн төдийгүй хэрэгсэл нь ч ямагт хувьсан өөрчлөгдсөөр иржээ. Анх чулуун бөмбөгөөр тоглодог байсан бол 1848 онд каучуктай төстэй хатуу эдээр хийсэн бөмбөгөөр солигдож, газар тусгайлан ухсан хонхорхой нүх гарган тоглох болж, саваа модны оронд махир үзүүртэй цохиур хэрэглэх болсон байна. Харин 1902 онд бөмөг резинээр солигдсон бөгөөд энэ бөмбөгийн Америкийн иргэн Кобурн Хаскел санаачилжээ. Гэхдээ гольфын бөмбөг газар газарт өөр өөр байсан бөгөөд 1930-аад оны үед АНУ-ын гольфын холбооноос бөмбөгний хэмжээ, жинг нэг хэвийн стандартад оруулсан байна. Гольфын спортын түүхэнд чухал нөлөө үзүүлсэн алхам гольфын нарийн нягт, эмх цэгцтэй хөгжлийн эх үндэс болжээ.

Гольфын сонирхолтой баримтууд:

1586 онд эмэгтэй хүн анх удаагаа гольф тогложээ. Тэр эмэгтэй Шотландын хатан хаан Мария Стюарт байв.

АНУ-ын гольфын спортод нийт хоёр сая хүн ажилладаг бөгөөд тэдний жилийн нийт цалин 61 тэрбум ам.доллараас давдаг байна.

Нийт гольфчдын 22,8 хувь нь эмэгтэйчүүд байдаг гэнэ.

Sawgrass дахь гольфын талбайд жил бүр 125 мянган бөмбөг тэндхийн нуурын усанд “живдэг” аж.

Солгой гараараа цохилтоо гүйцэтгэдэг нэрт гольфчин Фил Микельсон үнэн хэрэгтээ солгой гартан биш гэнэ. Тэрбээр анх аавынхаа гольф тоглож байгааг толинд харж сурсан учир толины тусгалын дагуу солгой гараагаа цохисоор байгаад дадчихсан гэнэ.

Дэлхийн хамгийн урт гольфын талбай Массачусеттст байдаг бөгөөд нийт 7,6 км урт талбайд байрладаг байна.

Харин хамгийн өндөрт байрладаг гольфын талбай нь Перуд байдаг ба далайн төвшнөөс дээш 4369 метрийн өндөрт оршдог ажээ.

Английн халдлагаас хамгаалахаар бэлтгэл сургуулилт хийж байсан Шотланд цэргүүд бэлтгэлээ умартан гольф тоглож байсан учир 1457-1502 онд тус улсад гольф тоглохыг бүрэн хориглож байжээ.

Ганц цохилтоор бөмбөгийг нүхэнд оруулах боломж гольфын спортод 67 саяд ганц удаа тохиодог байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж