
Энэхүү маргааныг шүүхээс эцэслэн шийдсэн эсэх хийгээд манай улс уран хэмээх эрдсээ хэзээнээс хэрхэн ашиглах талаар Цөмийн энергийн газрын цөмийн материалын хэлтсийн дарга Г.Баярбаясгалантай уулзаж ярилцлаа.
-“Цөмийн энергийн газар болон “Хан ресорсез” компанийн маргаан “Хан ресорсез”-ийн талд шийдэгджээ. Тиймээс тус компани цуцлагдсан эрхээ сэргээн Дорнод аймагт ураны хайгуул, олборлолтоо хийх болжээ” гэсэн мэдээлэл гарч байна. Энэ мэдээллээр бол та бүхэн “Хан ресорсез”-ийн эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан болж таарч байна уу?
-Ойрын өдрүүдэд зарим хэвлэлээр бодит үнэнд нийцэхгүй мэдээлэл гараад байна гэдгийг ярианыхаа эхэнд онцолж байна. Биднийг хугацааг нь дуусаагүй байхад лицензийг нь цуцалсан гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Үнэн хэрэгтээ “Хан ресорсез” ХХК-ийн лицензийн хугацаатай холбоогүй асуудал юм шүү дээ. Тус компани “Цөмийн энергийн газраас гаргасан шийдвэр, мэдэгдэл нь хууль зөрчсөн” хэмээн үзэж нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүх манай газрын даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар хэлэлцсэнээс бус “Хан ресорсез” компанид тусгай зөвшөөрлийг нь олгох тухай хэлэлцээгүй юм. Захиргааны хэргийн шүүх тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох, эс олгох нь Цөмийн энергийн газрын эрх мэдлийн асуудал хэмээн үзсэн. Түүнээс биш шүүхээс “Хан ресорсез” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахгүй гэсэн шийдвэр гаргаагүй.
-Танай байгууллага болохоор хугацаа нь дуусчихсан гэж лицензийг нь хураасан гээд байгаа. Гэтэл “Хан ресорсез” болохоор хугацаа нь дуусаагүй гээд байдаг. “Хан ресорсез” яг ямар зөрчил гаргасан юм бэ?
-“Хан ресорсез” ХХК болон тус компанийн 58 хувийг нь эзэмшдэг “Төв Азийн уран” компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэхээр ирүүлсэн материалыг Цөмийн энергийн газар хянан үзэхэд маш олон зөрчил дутагдал илэрсэн тул тусгай зөвшөөрлийг нь шинэчлэн олгоогүй. MХЕГ-аас Дорнод аймгийн нутагт ураны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомжуудын хэрэгжилтэд 2009 онд шалгалт хийж, Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагчийн 2009 оны долдугаар сарын 10-ны өдрийн 08/01/1699 тоот дүгнэлт гаргасан байсан. Дүгнэлтэд “Төв Азийн уран”, “Хан ресорсез” компаниуд хууль зөрчсөн тул тусгай зөвшөөрлүүдийг нь түдгэлзүүлэх, цуцлах нь зүйтэй гэж үзсэн. Дээр дурдсан шалгалтаар “Төв азийн уран” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүй, ордын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүйг тогтоосон. Мөн шалгалтад хамрагдсан компаниуд нь өөрсдийн хийсэн өрөмдлөгийн ажлын үр дүнг өмнөх Оросын хайгуулын ажлын үр дүнтэй жишиж нийцүүлэх замаар дахин нөөцийн тооцоо хийж, олон улсын хөрөнгийн биржийн шаардлагын дагуу хүдрийн биетийн нөөцийн үнэлгээний тайланг гаргаж компанийн хувьцааг хөрөнгийн биржид гаргасан байна. Ийм замаар “Хан ресорсез” ХХК нь 54 сая хувьцаа гаргасан бөгөөд энэхүү үйлдэл “Газрын хэвлийн тухай хууль”-ийн 45 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, “Ашигт малтмалын тухай хууль”-ийн тавдугаар зүйлийн 5.4, 5.6 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн болохыг тогтоосон байсан юм. Ашигт малтмалын газар дээрх дүгнэлтийг үндэслэн “Төв Азийн уран” компанийн 237А дугаартай тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байсан. Тэгэхээр энэ асуудал манайд шилжин ирэхээс өмнө эхэлсэн гэдэг нь харагдаж байгаа биз дээ. “Цөмийн энергийн тухай хууль” батлагдсантай холбогдуулан ураны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л асуудал манай газарт харьяалагдах болж, Ашигт малтмалын газраас цацраг идэвхт ашигт малтмалын геологи, хайгуулын ажлын тайлан, тусгай зөвшөөрлийн материал манайд шилжиж ирсэн. Манай газар зөрчил бүхий бүх газруудад тэр дундаа дээрх аж ахуйн нэгжид зөрчлөө арилгах шаардлагыг хүргүүлж, зөрчил арилсан тохиолдолд тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн дагуу авч үзэхээ мэдэгдсэн. Гэвч эдгээр компаниуд өнөөг хүртэл зөрчил дутагдлаа арилгаагүй тавьсан шаардлагыг биелүүлээгүй байна. Тэдний хууль зөрчсөн үйлдлүүд нь Цөмийн энергийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тул тусгай зөвшөөрлийг нь шинэчлэн бүртгэж олгохгүй байх бүрэн үндэстэй гэж бид үзэж байгаа.
-“Хан ресорсез”ХХК компаниас танай байгууллагыг олон улсын шүүхэд өгөх гэж байгаа гэх юм?
-Манай агентлаг гадаадын хэд, хэдэн хүмүүнлэгийн байгууллагатай хамтарч ажилладаг. Тус компани олон улс руу хандвал бид ч мөн ялгаагүй өөрийн орны хууль эрх зүйн байгууллагуудаараа дамжуулж арга хэмжээ авна.
-Цөмийн эрчим хүчний станцыг барих тухай сүүлийн үед их ярих болсон. Хэзээ бодит утгаараа хэрэгжих вэ?
-Цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, агаарын бохирдлыг багасгах, ард түмэнд хямд эрчим хүчээр үйлчлэх шаардлагын үүднээс манай улсад цөмийн эрчим хүчийг ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Ураныг ашиглах төрийн бодлогыг цөмийн түлш боловсруулах, цөмийн эрчим хүчний станц ашиглах асуудалтай цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай.
Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод 2021 он гэхэд цөмийн эрчим хүчийг ашиглаж эхэлнэ гэж тусгасан. Үүний дагуу манай газар төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Цөмийн эрчим хүчний станц барихад их эрсдэлтэй. Барьчихлаа гэж бодоход аюулгүй ажиллагааны зарчим, мөрдөх журам байдаг биз дээ?
-Цөмийн эрчим хүч ашиглах явдал дэлхий нийтэд өсч байна. Учир нь цөмийн эрчим хүчний станц нь экологийн хувьд цэвэр, агаарын бохирдолгүй, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал найдвартай хангагдсан, энерги үйлдвэрлэх өртөг багатай зэрэг давуу талтай.
Цөмийн эрчим хүчний станц нь өнөө үед ямар ч эрсдэлгүй. Ялангуяа орчин үеийн цөмийн реакторын технологи нь найдвартай, аюулгүй байхаар зохион бүтээсэн байдаг.Орчин үеийн Цөмийн эрчим хүчний станцын ажиллах систем нь автомат учраас аюул бага. Мэдээж барилаа гэхэд Олон улсын атомын энергийн агентлагаас баримталдаг журам, зааврын дагуу ажиллана.
-Улсын төсвөөс хэдий хэмжээний хөрөнгө гаргаж, аль улстай хамтарч барих вэ?
-Яг одоогийн байдлаар энэ мэт нарийн асуудлыг нэг мөр шийдээгүй. Одоогоор цөмийн эрчим хүчний станцыг барих газрыг сонгох, технологи судлах зэрэг судалгаа, шинжилгээний ажил л хийж байна. Мэдээж цөмийн технологи өндөр хөгжсөн улс орныг сонгон хамтрах болно. Ямар улстай хамтарч ажиллахаа судалгааны үр дүнд шийдвэрлэнэ.
-ОХУ-тай хамтран “Дорнод уран” хамтарсан компани байгуулах асуудал ямар шатандаа явж байна вэ. Тус компанийн тухайд тусгай зөвшөөрлийг нь танайх олгох байх. Шууд ашиглалтын зөвшөөрөл өгөх үү эсвэл хайгуулаас нь эхлэх юм уу?
-“Дорнод уран” хамтарсан компани байгуулах асуудлыг ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцэх болов уу гэж найдаж байна. Уг асуудлаар судалгаанууд хийгдэж байгаа. Засгийн газраас гадаад харилцаа хамтын ажиллагаатай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Энэ ажлын хэсэгт “Дорнод-Уран”-ы асуудлыг танилцуулах байх. Холбогдох дүрмийн сан болон бүх саналаа Засгийн газарт танилцуулаад байна. Оросын талаас ч саналууд ирсэн. Түүнийг нэгтгэж, танилцуулсан. Хамгийн гол нь компани байгуулагдсаны дараа хаана, аль талбайд үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгийг ОХУ-ын холбогдох аж ахуйн нэгж компанитай хөрөнгө оруулалтын гэрээгээр шийдэх юм. Ер нь тусгай зөвшөөрлийн асуудал ярих эрт байна. Учир нь компани байгуулаагүй байна. Хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Тэр үед нь уг асуудлыг авч хэлэлцэх болов уу.
-Танай байгууллага саяхан эрдэмтдийн уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар эрдэмтэд ямар асуудлыг хэлэлцсэн бэ?
-Цөмийн энергийн газраас долдугаар сарын 19-ний өдөр цөмийн эрчим хүчний станцын байршлыг сонгох судалгааны ажлаар хамтран ажиллаж байгаа байгууллагуудын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Эрдэмтэд цөмийн эрчим хүчний станц барьж байгуулах нь манай улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдлыг хангах, ард түмний аж байдлыг дээшлүүлэх, өртөг багатай цахилгаан, дулаан үйлдвэрлэх зорилтод хүрэх чухал алхам болно гэж дүгнэж байлаа. Цөмийн энергийн станцыг орд газраа түшиглэн зүүн бүсэд барих, станц барихаасаа өмнө боловсон хүчнээ бэлтгэх, хүмүүст цөмийн энергийн талаарх бодит мэдээллийг өгөх зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан. Бид цаашид ч эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй ойр ойрхон уулзаж, санал бодлыг нь ажилдаа тусгаж явах болно.
Б. Болорсүх