Төсвийн байнгын хороо 74.7 хувийн дундаж ирцтэйгээр 16 удаа хуралдаж 47 асуудал хэлэлцсэнээс 19 нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийн найман төсөл байлаа. Эдгээрээс давхардсан тоогоор 27 санал, дүгнэлт, долоон танилцуулга, 167 саналын томъёолол бэлтгэн УИХ-ын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.
Хаврын чуулганы хугацаанд тус байнгын хороо Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төслүүдийг батлуулжээ. Эдгээр хуулиудаас шаардлага, ач холбогдлоороо Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зайлшгүй онцлог байв.
Уг хуулиар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нэгдсэн төсвийн тэнцлийн зорилтыг тодорхойлж тусгах, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон тухайн жилийн нэгдсэн төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг батлах, хяналт тавих, санхүүгийн хуримтлалын удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг хамаарахаар зохицуулагдсан байна. Өөрөөр хэлбэл Улсын төсвийн орлого уул уурхайн орлогоос шууд хамаарч байгаа нөхцөлд нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан хууль боловсруулагджээ.
Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас ч дутахааргүй анхаарлын төвд байсан асуудал болох Улсын төсвийн тухай хуулийн тодотголын тухай тайлбар хэвлэлийн хурлын үлдсэн хагасыг эзэллээ.
Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголын талаар Монгол Улсын Засгийн Газар нэгдсэн төсвийн орлогыг 364,2 тэрбум төгрөгөөр, нэгдсэн төсвийн зарлагыг нийт дүнгээрээ 465,9 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 187,6 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зардлыг 145,9 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх зээлийг 132,4 тэрбум төгрөгөөр батлагдсан төсвөөс нэмэгдүүлэхээр өргөн мэдүүлэгдсэн төсөлд тооцсон байж.
УИХ дахь МАХН-ын бүлэг төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх үүднээс шинээр эхлэх болон үр ашиг муутай, бэлтгэл хангагдаагүй, зураг төсөв нь батлагдаагүй төсөл, арга хэмжээг түдгэлзүүлэх, энэ онд баригдаж дуусах, ашиглалтад орох болон нэн тэргүүн ээлжийн зайлшгүй чухал арга хэмжээ, төсөлд хүч хөрөнгийг төвлөрүүлэх шаардлагатай талаар дүгнэлтдээ дурдсан байжээ. Харин Ардчилсан намын бүлэг төсөвтэй холбогдсон макро үзүүлэлт, тэнцлийн зохистой харьцааг бүрдүүлэх, төсвийн болон төрийн сангийн хөрөнгийг арилжааны банкинд байршуулах, хадгалуулахтай уялдсан асуудлын ил тод байдлыг хангах болон бонд гаргах, бондын зориулалт, хугацаа зэрэгтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүүгийн төвлөрлийг сааруулж орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд өөрийн орны бодит нөхцөл байдал, олон улсын шилдэг туршлагыг судлан Монгол Улсын төсвийн болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг нэгтгэн Төсвийн тухай багц хуулийг боловсруулж батлуулах шаардлагатай талаар дүгнэлт гаргасан байна.
Төсвийн тодотголд Хөгжлийн банк байгуулахаар шийдвэрлэснийг үндэслэн уг банкны дүрмийн санг бүрдүүлэхэд 16.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн зарлагад нэмж тусгах, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлыг 2010 оны батлагдсан төсвөөс 88.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай нягт уялдуулан авч үзэх, шаардлагагүй их засвар, албан контор барих, унаа машин авах зэрэг хөрөнгө оруулалтаас татгалзах нь зүйтэй гэсэн саналууд дэмжигджээ.
Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс Төсвийн тодотгол хийх шаардлага юунд байсан тухай, мөн төсвийн хөрөнгийг хэтрүүлсэн, буруу зарцуулсан төсвийн эрх захирагчдын талаар асуухад “Тодотгол хийх зайшгүй шаардлага байсан. Дэлхийн зах зээлд алт зэсийн үнэ өсөн орлого нэмэгдэх эх үүсвэр бий болсон. Аравдугаар сарын 1-нээс цалин нэмэхэд шаардлагатай 78.3 тэрбум төгрөг, мөн нярайн эндэгдэлтэй холбоотойгоор цаг хугацааны хувьд тулгамдсан асуудлыг тодотголын хүрээнд шийдвэрлэсэн. Ер нь Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх явцад танилцсан аудитын тайланд тэмдэглүүштэй нь санхүүгийн аудит бус гүйцэтгэл, үр дүнгийн аудит хийхийг чиглэл болгосон. Өөрөөр хэлбэл цаашид төсвийн хөрөнгийг хэмнэж, хэтрүүлсэндээ гэхээс илүүтэйгээр тавьсан зорилтдоо хүрсэн эсэхийг дүгнэсэн байх ёстой. Энэ нь хэмнэсэн, хэтрүүлсэнийг нь бус хэрэгжүүлсэн ажлын үр дүнг нь шалгаж байх өөрчлөлт бий болох юм. Тиймээс аудит хийх байгууллагын чадавхийг дээшлүүлэх санхүүжилтийг 2011 оны төсөвт тусгана. Гүйцэтгэл дээр төсвийн хууль зөрчсөн эсэхийг нилээдгүй анхаарсан байгаа. Тодорхой эрх захирагчид төсвөө хэтрүүлсэн асуудал бий. Ялангуяа буудайн сантай холбоотойгоор Монгол Улсыг хөгжүүлэх сангаас төсөвт төлөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн хөрөнгө гарсан. Түүнд хариуцлага тооцох саналыг Зарлагын дэд хороо ирүүлсэн” гэв.
Мөн Хүүхдийн мөнгөний асуудлыг төсвийн тодотголд яагаад тусгаагүй гэх асуултанд “Хүүхдийн мөнгөний асуудал тодотголын явцад гарсан. Нэг ийм ойлголт байгаа юм. Бид хүний хөгжлийг дэмжих асуудлыг тусгай сан гарган дэмжиж байгаа. Эх орны хишгийг иргэн бүртээ хувь хүртээх тухай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн ямар ч насны байсан сар тутам хувь хүртэнэ. Энэ жилийн үлдсэн хугацаанд сар бүр, ирэх онд 20 мянган төгрөг иргэн бүртээ олгоно. Гэхдээ ирэх жилийнхийг илүү нарийвчлан тусгана. Хүүхэд, том хүн гэж ялгах нь ач холбогдолгүй. Үүнд улс төрийн хандлага л цухалзаад байгаа юм. Өмнө зөвхөн хүүхэд авдаг байсан бол аав ээж нь авдаг болж байгаа нь тухайн айл өрхийг дэмжиж байгаа хэлбэр гэж ойлгож байгаа. Хүүхдэд нь иргэний мөнгийг өгчихөөд дахиад хүүхдийн мөнгө гэж өгвөл санхүү, эдийн засгийн хувьд дэндүү хүндрэлтэй асуудал үүснэ. Бэлэн мөнгө тарааж байгаа нь хэрэглээг дэмжиж байна гэсэн үг л дээ.
Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Монгол Улсын уул уурхайн салбарын үйлдвэрлэл жил ирэх тутам өсөн нэмэгдэж цаашид стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн үйлдвэрлэл хөгжихийн хэрээр Хүний хөгжил санд төвлөрөх хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, төсвийн орлогод эзлэх хувь хэмжээ өсөхөөр байгаа” гэлээ.
Б.Энхмандах