Хакухо түрүүлсэн ч цомгүй хоцорлоо

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Хакухо түрүүлсэн ч цомгүй хоцорлоо

Бейсболын бооцоотой тоглоом, мөн бусад мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон сумочдынхоо балгаар цом ч үгүй, шагнал ч үгүй болсон Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башё өндөрлөлөө. Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдсан их аварга Хакухо М.Даваажаргал нэг ч уналгүй, 100 хувийн амжилтаар башёг тэргүүлснээс гадна дараалан 47 давж, домогт ёкозуна Тайхогийн амжилтыг ахиулж, сумогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдэх агуу амжилтын эзэн болсон юм. Харин тэргүүн дээд амжилтын эзэн нь 69 дараалан давсан их аварга Фүтүбаяма бол түүний дараа 53 дараалан давсан Чиёнофүжи ёкозуна бичигддэг байна.
Хакухо 14 дэх өдрийн барилдаанд озэки Харумафүжиг давснаар нагоя башёд түрүүлэх нь тодорхой болсон бөгөөд гурав дахиа дараалан түрүүлсэн их аварга башёгийн дараа “Би өөрийн чадах бүхнээ л хийлээ. Харин түрүүлсэн гэхээс өөр ямар ч зүйлгүйд сэтгэл дундуур байна. Энэ башёд хүн бүр дор бүрнээ хичээж барилдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр ийнхүү 1958 оноос хойш нэг жилд зургаан тэмцээнийг зохион байгуулах системд шилжсэнээс хойш гурван башё дараалан төгс амжилттай, өөрөөр хэлбэл, 15 даваатай тэргүүлсэн цорын ганц сумоч болж байгаа юм.
Башёг цуцлах талаар яриа гарч байсан ч нагоя башё ямартай ч болдгоороо болж, энэ удаад аварга, арслан цолтнуудын дунд нэг ч япон бөх байсангүй. Озэки Котомицүки бооцоотой тоглоомын хэрэгт орооцолдож, сумогийн холбооноос хөөгдсөнөөр ахмад озэки Кайо макүүчид зиндааг тодорхойлох цорын ганц нутгийн бөх болсон билээ. Харамсалтай нь, башёгийн 11 дэх өдрийн барилдаанаас озэки Кайо гэмтлийн улмаас башёг орхисноор сумогийн их ертөнцөд байгаагүй хачирхалтай тохиолдлын гэрч бид болов. Ахмад сумоч ингэснээр кадобан болох бөгөөд ирэх есдүгээр сарын аки башёд 50-иас дээш хувийн амжилт гаргаж чадахгүй бол зодог тайлахаас өөр аргагүйд хүрэх юм.
Сүүлийн үед элдэв дуулиан, шуугианаас тасрахгүй болсон Японы сумогийн холбоог олон нийт ихээр шүүмжлэх болсон бөгөөд холбооны зүгээс ч томоохон өөрчлөлт шинэчлэл хийх талаар ярилцаж эхлээд байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж