Ах надад хар азаргаа бэлэглэсэн

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Ах надад хар азаргаа бэлэглэсэн

-Ц.Батбаяр гишүүнийг  хурдан морь сонирхдог гэдэг шинэ мэдээлэл биш. Харин гэр бүлийнхэн нь ижилхэн хоббитой гэж мэдээгүй юм байна?
-Бүгдээрээ ч биш л дээ. Манайхнаас Батбаяр ах бид хоёр л хурдан морь сонирхоно. Ахын хувьд ажил ихтэй учраас тэр бүр цаг зав гаргаад байх боломжгүй. Ёстой нөгөө эр хүний хийморь гэдэг утгаар нь бэлгэшээж сонирхдог. Миний хувьд бол адуу малтайгаа арай ойр байж, байгаа хэдийнхээ цусыг сэлбэж арвижуулъя гэсэн бодолтой явдаг. Ах миний энэ сонирхлыг дэмжиж хар азарга бэлэглэсэн нь их сайн давхиж байгаа.
    -Танайхны тэр  дундаа таны моринд дурлах болсон нь хэнтэй, юутай холбоотой бол?
-Би хэдийгээр хотод өссөн ч, зуныхаа амралтаа хөдөө өнгөрөөдөг. Ээжийн маань дүү нар бүгд морь уядаг, би түүнийг нь унадаг байсан юм. Надтай хамт хурдан морь унадаг байсан хүүхдүүд одоо бүгд нутаг орондоо сайн уячид болчихсон байх жишээтэй. Ер нь тэр үеэс л хурдан морь сонирхох болсон юмуу даа. Тэгж яваад 2003 оноос манай аавын дүү МУ-ын Алдарт уяач Алтангадас  ахыгаа дагаж ганц нэг адуу цуглуулах болсон доо. Тэдний маань түрүүч эхнээсээ сайхан давхиж урам хайрлаж байна.
-Алдартаас “Их хурд”-д айрагдсан хээр азаргыг нь бэлгэнд авсан гэсэн. Ер нь хаа хаанаас хурдан буян цуглуулж байна даа?
-Тэгсээн, шигмэл морьдын “Их хурд” уралдаанд айрагдаж, “Хотгойдын хурд” бүсийн наадамд түрүүлсэн хээр азаргаа Алтангадас ах маань надад бэлэглэж, миний нэр дээр уралдаж байгаа.  Ер нь Алтангадас ахын Өвгөн халзан азарганы төлүүд  надад цөөнгүй бий. Мөн түүнчлэн Их Монгол улс байгууллагдсаны 800 жилийн ойн баяраар соёолондоо аман хүзүүдсэн Жанчив Манлайн буурал азарга надад бэлгэнд ирсэн. Буурал азарга 2008 оны өвлийн уралдаанд дөрөв айрагдсан.
-Эцэг малд илүү ач холбогдол өгч байгаа юмаа даа?
– Ер нь адуутай болъё гэсэн хүн хэдэн сайхан азарга, гүүтэй л бол мал аяндаа өсдөг юм байна. Хэдэн жилийн өмнө  Будённы болон Англи, Араб гүү  авчирсан. Мөн Сүхбаатар зүгийн хэдэн сайхан гүү бий. Тэдний маань төл шүдлэн, хязаалан эхнээсээ сайхан давхиж байна.
-Адуу эхнээсээ сайхан давхиж байна гэлээ. Амжилтаасаа сонирхуулаач?
-Миний  хувьд моринд шинэ хүн шүү дээ. Тэр утгаараа амжилт маань ч нимгэн. Гэхдээ өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд аймаг, сумын чанартай наадмуудад цөөнгүй оролцож, уралдах бүртээ л айраг түрүү хүртэж байсан. Одоогийн байдлаар 24 түрүү, 60-70 айрагтай болчихоод байна. Манай сумын ойн уралдаанд хоёр шүдлэн үрээ маань хол тасархай түрүүлж ирэхэд үнэхээр их баярласан даа.
-Адуу Архангайд ажил Булганд, амьдрал нийслэлд. Нэлээд цагаа машиндаа өнгөрөөдөг байх?
-Тийм шүү. Би Гурванбулаг сумаасаа сонгогдсон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч. Сум орон нутгаа төлөөлж сонгогдсон учраас хурал цуглаан, албан ажил гээд байсхийгээд нутагтаа ирнэ. Гэр бүлийнхэн хотод, адуу Архангайд. Гурван өөр газарт хүрэлцэж бүгдийг зохицуулна гэдэг хэцүү л дээ. Адуу эзнийхээ сэтгэлийг дагаж давхидаг гэдэг. Тэр утгаараа болж өгвөл уралдахад нь дэргэд нь байхыг хичээдэг ч тэр бүр чаддаггүй. Ер нь Алтангадас ахдаа л бүгдийг даатгадаг даа.
Баярлалаа. Танд амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж