-Хүмүүс намайг сүүлийн үед л моринд орж байгаа гэж боддог юм шиг байгаа юм. Амжилт энэ тэрийг нь харахад ч тэгж л санагдаж байгаа байх. Гэвч миний эцэг морь уядаг хүн байсан. Нэг их олон морь уяад, улсын наадамд оролцоод байдаггүй ч нутаг усандаа сайхан наадчихдаг, жирийн нэг сайхан уяач байсан.
-Цэргийн хүн байсан гэж сонссон, ташаа мэдээлэл байх нь ээ?
-Зөв зөв, цэргийн хүн. Хилийн цэрэгт олон жил ажилласан. Адуунд хорхойтой, өөрийнхөө ганц нэг унаган адуугаар уралддаг байсан юм билээ. Харин би эцгийнхээ уясан хурдан морийг унаж уралддаг. Унаач хүү байлаа. Хэрвээ ингээд яривал морьтой холбогдсон түүх нь эртнийх байгаа биз. Тэр ч бүү хэл эцгийнхээ уясан морийг унаж түрүүлгэж байсан.
-Тэгвэл удам дамжсан уяач болж таарах нь ээ?
-Тэгж хэлж болноо, миний өвөг эцэг нэлээд их адуутай хүн байсан гэдэг юм. Нэгдэлжихэд адуу үхэр хоёр нь манай аав дээр ирсэн юм билээ. Монгол хүний цусанд нь адуу байдаг гэж ярьдаг ш дээ. Эцэг өвгөдийнхөө тэр буяныг зөв дааж явах юмсан гэсэн сэтгэл минь нэг л мэдэхэд морь луу хөтөлсөн байсан. Морьд маань ч сайхан давхиж урам их өгсөн л дөө. Хамгийн анх Цэнхэрмандал сумын Засаг дарга Ишцэрэн гэдэг хүн надад “Чи адуутай айлын хүүхэд, ахаасаа азарга адуу авчих” гэхээр нь адуунаас шилж байгаад нэг азарга адуу авсан. Битүү голдуу адуунаас хүрэн азарга, хээр соёолон хоёр маань гайгүй давхиж надад их урам өгсөн л дөө. Тэгээд л моринд ормоор санагдсан байх.
-Их урам өгчээ дээ, хэдэн онд вэ?
-2006 онд шүү дээ. Шинийн 8-нд болсон “Макс”-ын Ганбаатарын соёолонгийн уралдаанд миний хээр соёолон түрүүлсэн. Битүү адуу ирээд олонд танигдсан мундаг мундаг хүлгүүдтэй уралдаад түрүүлчихээр үнэхээр сайхан юм билээ.
-Би андуураагүй бол тэр наадамд улсын наадамд айрагдсан соёолонгууд уралдсан санагдана?
-Тэгсэн гэсэн, тэр үед нь сайн таньдаггүй байсан юм чинь. Хүмүүс л тэгж ярьж байсан.
-Гантөмөр адууны үнийг шинээр тогтоолоо гээд нэг хэсэг шуугисан. Алтангэрэлийн хүрэн азарганы төл хүрэн даагыг авсны дараа, алдарт “Пума” хонгор азаргыг авсны дараа ч тэр?
-Харин тиймээ, гадуур тийм яриа байдаг юм билээ. Оргүй биш л дээ. Хүрэн дааганы тухайд үнэхээр ч адууны үнэд өөрчлөлт оруулсан байх. Дээхэн үед Эрдэнэтийн Чука 45.000 доллароор хамгийн үнэтэй адууг авлаа гээд нэг хэсэг шуугисан. Хүрэн даагыг авсны дараа бас нэг хэсэг тэгж шуугисан.
-Нэг хэсэг нь 80 сая, нөгөө хэсэг нь 150 сая гээд янз бүрээр ярьдаг. Яг хэдээр авсан юм бэ?
-80, 150 сая нь юу ч юм, ер нь бол үнэтэй авсан. Адууны үнэ өсөх нь малаараа амьдардаг малчдад маань л ашигтай, амьдралд нь тустай шүү дээ. Энэ утгаараа бусдад буян болсон байх гэж боддог. Алтангэрэл бид хоёрт ярьсан юм бий, үнэ мөнгийг нь нийтэд зарлахаа больё гэж. Ямар ч байсан монголдоо өндөр үнээр зарагдсан адуунуудын тоонд зүй ёсоор орно.
-Олны анхаарлыг татсан цуутай наймаанаас хойш хүрэн үрээ уралдаагүй. Яагаад?
-Хүрэн даагаа улсад аман хүзүүддэг жил нь авсан. Түүнээс хойш ханиад томуу гэсэн янз бүрийн шалтгаанаас болоод олигтой хүч тамир авч чадаагүй. Яахав хүчлээд уралдуулбал уралдчихаар л байсан. Гэхдээ сайн адууг хайрлахгүй бол болохгүй. Ний нуугүй хэлэхэд би хүрэн үрээг азарга тавих гэж л авсан юм.
Эцэг нь хурдан, гарсан төлүүд нь ч хурдан байгаа. Тийм болохоор нэг сайн азаргатай болъё л гэж бодсон юм.
-Хүрэн үрээний тухайд ийм байдаг байж. “Пума” хонгор азарганы тухайд бэлэглэсэн гэнэ, 85 саяар зарсан гэнэ гэсэн хоёр янзын яриа яваад байдаг. Аль нь үнэн юм бэ?
-Хонгор азарга бол манай нутгийн Баатар гэж залуугийн адуу байгаа юм. Намайг моринд ороод, адуунд элэгтэй байна гээд бэлэглэе гэсэн. Нутгийн залуучууд сайхан сэтгэл гаргаж байхад гээд татгалзаагүй. Тэгээд ч хүний үнэтэй цэнэтэй юмыг яаж зүгээр авахав гээд оронд сэтгэлээрээ хэдэн төгрөг өгсөн. Түүнийг л хүмүүс янз янзаар дэвэргээд ярьдаг юм билээ.
-Баатар гуай өөрөө уяаг нь тааруулж байгаа гэл үү?
-Энэ жилийн хувьд Баатар би өөрөө уяя гэсэн санал тавиад аваад явсан. Олон жил уяа сойлгыг нь тааруулчихсан хүн өөр байх гэж бодоод өгөөд явуулсан. Хаврын бүсийн Дүнжингарав болон Сэлэнгэд болох бүсийн уралдааны уяаг тэр хүн тааруулна.
-Ер нь танай адуу ямар хүн уядаг юм бэ?
-Яг оноосон хүн байхгүй ч Тод манлай уяач Дуламсүрэн зөвлөхөөр нь ажиллаж, малчин залуучууд тусалж байгаа.
-Энэ мэт цуутай хүлгүүдээс гадна, энд тэндээс адуу их цуглуулсан гэдэг юм билээ. Аль зүгийн адуу зонхилж байна?
-Хаа сайгүй авсан даа. Хэнтий аймгаас нэлээд хэдийг авсан. Сүхбаатар, Дорнодоос ч цөөнгүйг авсан. Дээр нь “МТТ” компанийн захирал Тэрбишээс нэлээд хэдэн адуу авсан юм байна. Бардам хэлэхэд удам угшил, хурдны хувьд сайн адуунууд цуглуулсан.
-Одоо хичнээн тооны адуутай вэ?
-200 гаруй юм байгаа байх. Адуу олдохоор нутаг уснаас эхлээд хэцүү юм билээ. Газар талхална гээд хүмүүс дурамжхан байдаг юм билээ. 200 гаруй адуу гэдэг цөөнд орохгүй л дээ.
-Танай адуу хаана оторлож байгаа вэ?
-Төв аймгийн Цээл сумын нутагт. Тэнд манайх газар тариалангийн талбайтай. Түүнийгээ түшиглээд адуугаа байлгадаг юм.
-Уядаг адуу чинь Өлзийтөд байдаг уу?
-Өлзийт хороололд 30-аад адуу бий.
-Үнэтэй адуу авахаас гадна, бусдад харамгүй бэлэглэдэг гэж сонссон. Кёкүшюзанд нэлээд үнэтэй авсан Араб азаргаа бэлэглэсэн гэж сонссон юм байна?
-Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа нутгийн дүүгийнхээ хийморийг мялааж, нэг араб азарга бэлэглэсэн. Цаг тавирахаар зунаас авчирч албан ёсоор гардуулнаа.
-Адуу сайн давхих нь нэг талаараа удам угшилтай, уяачийн эрдэм ухаантай салшгүй холбоотой ч нөгөө талаараа эзний нь хийморь лундаатай салшгүй холбоотой гэж ярих нь бий?
-Тал талаасаа олон юм нийлж байж морь хурдална шүү дээ. Хурдан адуу төрүүлнэ гэдэг бас чиг тийм амар асуудал биш. Маш их зарлага гарч байж, маш их хөдөлмөрлөж байж үр дүн нь гарна.
-Адууны хийморийг эзэнтэй нь холбож үзвэл та сүүлийн жилүүдэд одтой байж. Бас ч үгүй нэлээд хэдэн айраг түрүү авсан байх шүү?
-Тэгсээн, жижиг том нийлсэн 20-иод айраг, түрүү бий. Түүнээс бүсийн хоёр ч түрүүтэй. Өвөрхангай аймагт байгуулагдсан монгол түмний морины их шүтээн цогцолборын нээлтийн уралдаанд миний хээр морь түрүүлсэн.Би Өвөрхангайн хүргэн, миний хээр морь түрүүлж байна гэдэг танай Өвөрхангайн адуу түрүүлсэнтэй ижилхэн юм аа гэж би тэр үед нь сурвалжлагчид хэлж байсан юм. “Аравгар хээр” холбооныхон намайг манай Өвөрхангайнх гэж ярьдаг нь тийм учиртай.
-Нээрэн та чинь заримдаа Ховдынх, заримдаа Өвөрхангайнх болчихоод байдаг шүү?
-Миний төрсөн нутаг Ховд аймаг. Хоёр настайдаа хотод ирсэн. Тийм болохоор нутагт маань намайг таних хүн цөөн. Зун амралтаараа ойрыг нь бодоод хадмындаа Өвөрхангайд очдог байсан болохоор хүмүүс Өвөрхангайнх гэж боддог байх.
-Нутаг усаар булаацалдахаас эхлээд адуутай нөхөрлөснөөс хойш таны амьдралд ямар ямар өөрчлөлт гарсан бэ?
-Их олон найзтай болсон. Танихгүй хүн ч гэсэн нөгөө мундаг хонгор азарганы эзэн гэнэ ш дээ, гэртээ оруулаад гарах юмсан гэдэг. Азарганы ёндоо даадаг гэсэн яриатай холбоотой байх. Морь айрагдаад ирчихсэн үед бол таних танихгүй хүн болгон л баяр хүргээд, ер нь олонтой болгодог юм уу даа.
-Ингээд ярихаар сайхан юм шиг ч санхүүгийн хувьд бас их хорон шүү. Гэр бүлийнхэн чинь хэр балиашигладаг вэ?
-Манайхан надаас бусад нь адуунд нэг их дуртай биш.Сонирхдог ч үгүй. Тийм болохоор адуунд хэдийг зарж үрж байгааг тэр болгон мэдэхгүй. Дараа нь л зарим нэгийг нь мэддэг байх. Хааяа баригдчихсан байдаг юм./инээв/
-Дуучин С.Жавхлантай нэг хэсэг уралдаан дээр ёс юм шиг таардаг болчихсон. Тэгсэн дараа нь танай хүргэн болж байгаа дуулдсан?
-Зээ хүүгээс маань бусад нь моринд дуртай бишээ. Аль нь ч тэр. Хүү маань хааяа нэг дагаж явдаг ч сонирхдоггүй юм шиг байгаа юм. Морь авч, нэр дээр нь ч уралдуулж үзсэн. Сонирхохгүй бол сонирхдоггүй юм шиг байна лээ. Манайх чинь хоёр охин, нэг хүүтэй айл. Харин зээ хүү маань моринд дуртай, өвөөдөө ганц хань болж байгаа хүн.
-Хонгор азарга “Түмэн эх” цолтой хүлэг. Олонд танигдсан адуунууд ихэнх нь дуутай болчихсон. Хонгор азарга дуутай болбол дуулах хүн тодорхой биз?
-Хонгор азарганы өмнөх амжилтууд өмнөх эзэн дээрээ тоологдож байгаа ч яалт ч үгүй төрийн түмэн эх цолтой адуу. Энэ жилийн уралдаануудыг харж байгаад дуутай болгоно доо. Дуучны хувьд бол хоолой нь тохирсон хүнээр л дуулуулна.
-Адуу мал гээд явахаар ар тал бизнес нэлээд орхигддог муу талтай. Ар талаа хэнд даатгадаг вэ?
-Зохицуулчихдаг юмаа. Ямар ч байсан ар талдаа санаа зовоод таталдаад байлгүй, наадмаа үзчихдэг. Улсын наадмын үеэр бол би бүр адуун дээрээ оччихдог.
-Ингэхэд “Торгоны зам” компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-“Торгоны зам” компани маань 2002 онд байгуулагдсан. Хятадын зам барилгын компанитай нийлж байгуулсан.Хятадын талын түншүүд маань аварга том бүтээн байгуулагчид учраас манай зах зээл багадаад байдаг зовлонтой. Хятадад байдаг шиг 70,80 давхар өндөр барилга, өндөр даацын хурдны замууд гээд их төсөвтэй ажлууд манайд тэр бүр хийгдэхгүй учраас нутагтаа ажлаа хийж байгаа. Харин эхнэр маань “Хайрхан трейд” гээд худалдаа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай.
-Таныг уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлдэг гэж сонсож байсан юм байна?
-Хайгуулын шатанд явж байгаа, түүнээс ашиглаад олборлоод эхэлчихсэн юм байхгүй. Харин Төв аймгийн Цээл сумын нутагт 4 га газартай. Ер нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр бизнес хийх бодолтой байгаа. Ашиг олоод шалидаггүй юмаа гэхэд, хүүхдүүдээ эрүүл хүнсээр хангачихна.