
Олон улсын олимпийн хорооноос анх удаагаа зохион байгуулах гэж буй хүүхдийн олимпийн наадам ирэх сарын 14-26-ны өдрүүдэд Сингапурт болох билээ. Тус наадамд оролцох манай өсвөрийн тамирчдын эрх долоо болоод байсан бол Монголын үндэсний олимпийн хорооны хүсэлтийн дагуу FINA буюу Олон улсын усан спортын холбоо болон IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос манай улсад эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр эрх олгосноор нийт 11 өсвөрийн тамирчин ирэх сард Сингапурыг зорих болжээ.
Ингэснээр хүүхдийн анхдугаар олимпийн наадмын усанд сэлэлтийн 50 болон 100 метрийн өврөөр сэлэх төрөлд Г.Өлзийбадрах, 100 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд Э.Сүрэнням, мөн гүйлтийн 100 метрт Ж.Хишигжаргал, 400 метрт Э.Сарангуа нар өрсөлдөх юм.
С.Цэлмэг