Стресс тестэнд долоон банк бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Стресс тестэнд долоон банк бүдэрчээ

Европын Холбооноос зохион байгуулсан стресс тестэнд Европын 91 банк хамрагдсанаас ердөө долоо нь туршилтанд бүдэрлээ гэж санхүүгийн зохицуулагчид урд шөнө мэдэгдлээ. Уг тест нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг сэргээх зорилгын хүрээнд хийгдсэн юм. Туршилтанд хангалтгүй дүн үзүүлсэн долоон банкны тав нь Испанийн хадгаламжийн банк байгаа бөгөөд энэ нь Испанийн банкны салбарт асуудал үүсгэж болзошгүй байна. Испанийн төв банк энэ мэдээтэй холбоотойгоор эдгээр банкнуудад учирч болзошгүй эрсдлийг зохицуулахын тулд ямар арга хэмжээ авах нь зүйтэй талаар урд шөнө хуралдаж хэлэлцсэн байна.

Нэгдүгээр төвшинд багтахын тулд капиталын харьцаа зургаан хувь байх ёстой гэдэг шалгуурыг хангахад эдгээр долоон банкинд 3.5 тэрбум европын капиталын нөөц дутуу байна гэж Европын Банкны Зохицуулалтын Хороо мэдэгдсэн байна. Уг тест нь 2009 оны сүүлийн байдлаар байсан капиталын төвшинд хэрвээ 2010, 2011 онд макроэдийн засаг, улсуудын гаргасан бонднуудад асуудал үүсвэл банк хямралыг хэр амжилттай давж чадахыг сорьж шалгасан байна. Испанийн таван банкнаас гадна шалгалтанд бүдэрсэн нөгөө хоёр банкны нэг нь Германы “Hypo Real Estate” бол нөгөө нь Грекийн “ATEbank” байв.

Бараг сорилтонд унахад ойрхон байсан банкнуудад капиталын харьцаа нь 6.2 хувь байгаа Италийн “Monte dei Paschi”, 6.6 хувь байгаа Германы “Postbank” нэр нь бичигдэж байна. Сорилтонд хамгийн өндөр үнэлгээ авсан банкнуудад Их Британийн “Barclays” багтаж байгаа бөгөөд өнгөрсөн оны сүүлийн байдлаар капиталын харьцаа нь 13 хувь байсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 13.7 хувь болох төлөвтэй байна.

Европын Холбооноос зохион байгуулсан банкнуудын сорилт тестын талаар  бараг хоёр сарын өмнөөс ярьж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулагчид гарах үр дүнг нь няхуур ажиглаж байсан юм. Банкнууд нь гадаадын засгийн газруудын бондыг ямар хэмжээгээр эзэмшиж байгаагаа мэдэгдэхгүй гэж сорилт хийхийн өмнөхөн Герман хэлсэн нь Европын шалгалтын комиссынхонд тийм ч таатай байгаагүй. Улс орнуудын банкнууд засгийн газруудын бондуудыг хэдий хэр хэмжээгээр эзэмшиж байгаагаа шалгалтын комисст мэдээлэх эсэх тухай асуудал нь тухайн банкны өөрийн үзэмжийн асуудал байсан юм.

Шалгалтанд хамрагдсан Германы “Deutsce Bank”, “Postbank”, “HRE”, “DZ Bank” зэрэг зургаан банк гадаадын засгийн газрын бонд эзэмшилтийн талаарх мэдээллээ ил болгохоос татгалзсан байна. “Энэ сорилт шалгалтанд банк унасан гэхээсээ илүү шалгалт нь өөрөө асуудалтай байна. Шалгалтыг бүх газар адилхан хийсэн гэж итгэх арга алга” “Allen & Overy” хуулийн компанийн дарга Ричард Кранфилд ярьж байна. Харин Европын зохицуулагчид сорилтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа бөгөөд сорилт нь өнгөрсөн жил АНУ-ын явуулсан сорилтоос гурав дахин чанга хэмжүүртэй байсан гэж ярьж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж