Толин хул зүрхэн чанадад хурдалсаар

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Толин хул зүрхэн чанадад хурдалсаар

Сайн уран бүтээл гэдэг цаг хугацаа орон зайд үл баригдан хэдэн зуун, хэдэн мянган жил өртөөлөн хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлэн байдаг билээ.  Чухам тийм нэгэн бүтээл төрсөн түүхийг энд сөхье.
Толин хулын тоосонд хийморь сэргэх наадам
Товруу мөнгөн эмээл дээр эзэн нь гоёдсон наадам

Тогоруу халтрын магтаалд айраг дундрах наадам
Толин хулын төвөргөөнд туг нь намирсан
Монголоо…
Ардын Хувьсгалын 75 жилийн ойн баяр наадмын /1996 онд / хурдан азарганы  уралдааныг хул азарга магнайлж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн. Энэ бол УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн Толин хул байлаа. “Морь барианд орж хүмүүс баяр хүргэх тэр агшин яг л зүүд шиг санагдаад өөрийгөө барьж хүртэл үзсэн шүү. Баярласандаа хэлэх ч үг олдохгүй, хоолой зангираад өөрийн эрхгүй уйлчихсан” хэмээн олон жилийн дараа МУ-ын Манлай уяач цолыг хүртэхдээ тэрээр дурсамж сөхсөн удаатай. Нээрэн ч хүлгийн сайхнаар гангаран салхи татуулан давхих нэгдлийн адуучдад сэм атаархаж явсан багын мөрөөдөл нь ийнхүү олон жилийн дараа биеллээ олсон болохоор арга ч үгүй биз. Тэр тусмаа улсын наадмын түрүүгээр эхэлсэнд эр хүний омог цээжнээ огшоо байлгүй. Тэрхүү омгоороо моринд эргэлт буцалтгүй орж Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр МУ-ын Манлай уяач цолыг Ерөнхийлөгчөөс гардан авсан билээ.
 Донир угшлын жинхэнэ монгол адуу
Төрийн наадмын түрүү магнай Толин хул Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Дамдинжавын унаган адуу. Уяачид Өвгөн ноён Пүрэвжавын бий болгосон Донир угшлын жинхэнэ монгол адуу хэмээдэг. Хул азарга Хэнтий аймгийнхаа наадамд хоёр удаа айрагдаад байхдаа   МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү гуайн нүдэнд тусчээ. Тод манлай энэ тухай Г.Батхүүд хэлснээр 1995 онд 2 унагатай гүү, нэг даагатай гүүний хамт нийт долоон тооны адууг  хоёр сая төгрөгөөр худалдан авсан гэдэг. Ингэхдээ эзнийх нь хүсэлтээр мотоцикль оролцуулан, үлдсэнийг нь бэлнээр өгч тухайн үедээ л  өндөр үнээр авч байжээ. Энэ цагаас хойш хул азарга Г.Батхүүгийн хэмээн цоллуулах болж, Толин хул хэмээн / духан дээрх толь мэт сарыг нь   бэлгэдэн/ дуудах болжээ. Толин хул шинэ эзэндээ ирээд анхны наадамдаа түрүүлэн / 1996 онд улсын наадамд түрүүлсэн/ морь сонирхогчдын анхаарлыг татах болсон юм. Толин хул улсын наадамд нэг удаа түрүүлэн, хоёр удаа /1997,1998 онуудад / айрагдаж, анхны “Их Хурд”-д дөрөвт хурдлан айрагдсан юм.
Толин хулын булган сүүл
Хул азарга улсын наадамд түрүүлснээс хойш Г.Батхүү улс, бүсийн наадмаас гурван түрүү, арав гаруй айраг хүртсэн. Тиймдээ ч Толин хулыгаа араасаа олон хурд дагуулсан булган сүүлтэй адуу хэмээн ярих дуртай. Булган сүүлтэй хул азарганы буянаар газар газрын хурдан тууртууд Г.Батхүүгийн адуунд цугларсаар өдгөө 500 хол даваад байгаа. Адуун сүргийнх нь ихэнх хурдан угшлынх. Хул азаргыг гурван үрээний хамт авсан тухай дээр дурдсан. Тэр үед хамт ирсэн хонгор даага нь эдүгээ морь сонирхогчдын дунд Зулхонгор хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд даагандаа есөд, хязаалан, соёолондоо айрагдан, 2001 оны улсын наадамд аман хүзүүдсэнийг санаж байгаа байх. Түүнээс гадна Толин хулын үр төл нь очсон газар бүртээ сайн давхин, улсын наадамд ч айрагдсан билээ.
Хул азарга хурд хийморь дууддаг
Хойноос гарч идэж урагшилдаг хул азарга толгойндоо жаахан хойрго ч уяаныхаа үед ааш нь зөөлөрчихдөг байсан гэдэг. 2001 оны “Их Хурд”-аас хойш хул азарга дахин уралдаагүй. Турж эцээд тарга хүчээ ч авч чадахаа больсон түүнийг 2003 онд сэтэрлэн өвөл зунгүй тэжээх болжээ.  Нэг удаа хашаанаас гаргатал алга болчихож. Баахан эрэл сурал болж гүйсээр байгаад хамгийн сүүлд адуун сүрэг нь байсан нутагтаа оччихсон байсан гэдэг. Энэ байдал хоёр ч удаа давтагдсаны дараа 2006 оны зун Толин хул 25-тайдаа тэнгэрт хальсан юм.  Г.Батхүү олон жил баярлуулсан хурдан буянгаа өөд болоход нь эртний заншил ёсоор толгойг нь айдасын давааны овоонд өргөж, туурайгаар нь сангийн бойпор хийн хурдан морьддоо онгод хийморь дуудах болжээ.
Зүрхнээс эгшиглэсэн дуу
Толин хулын тоосонд хийморь сэргэх наадам
Товруу мөнгөн эмээл дээр эзэн нь гоёдсон наадам хэмээх  уран тансаг үгс шандаст хурдан хүлгээ зүрхэндээ нандигнадаг байсан эзнийх нь сэтгэлээс өөрийн эрхгүй хөвөрч гарсан гэдэг. 2002 онд АПУ компанийн захирлаар ажиллаж байхдаа компьютер дээрээ шивчихсэн байсан шүлгийг Харангын Чука ажил ярихаар орж ирээд харж нэг хувь хэвлэн авч оджээ. Хоёр гурав хоногийн дараа утсаар ганц нэг зүйл тодруулж байснаа “Дууг чинь ”Толин хул” гээд нэрлэчих үү?” хэмээн зөвшөөрөл хүссэн гэдэг. Арав хоногийн дараа хоолонд урихдаа төгөлдөр хууран дээр тоглож үзүүлсэн нь сэтгэлд хүрч, клип хийлгэн наадмын өмнөхөн үзэгчдийн хүртээл болгожээ. Тэр үед Толин хул 21 настай байсан учир клипэнд нь хул зүсмийн төлийг нь тоглуулсан гэдэг. Ийнхүү морио дээдэлсэн уяачийн зүрхнээс эгшиглэсэн дуу морь сонирхогчдын төдийгүй моринд хайртай монгол хүн бүрийн аялах дуртай дуу болж, хул азарга цаг хугацааг өртөөлөн Монголын ард түмний сэтгэлд хурдалсаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж