МАХН-ын жигүүр мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

МАХН-ын жигүүр мэдэгдэл гаргалаа

МАХН-ын Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс жигүүрээс мэдэгдэл гаргасан талаар өглөө бид мэдээлсэн. Жигүүрийг өдгөө УИХ-ын
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн удирдаж буй. Намын удирдлага жигүүрээ  хяхах
болсон тул жигүүрийн гишүүд хуралдаж, урьд шөнө мэдэгдэл гаргасан юм.. Уг мэдэгдлийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

МАХН-ЫН ДАРГА С.БАЯР, УДИРДАХ ЗӨВЛӨЛ, БАГА ХУРЛЫН ГИШҮҮДЭД

МАХН-ын дарга С.Баяр, Удирдах Зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүд ээ Удтал хүлээлгэсэн Бага хурлын хуралдаан улс төрийн нэн эгзэгтэй цаг мөчид хуралдах гэж байгаатай холбогдуулан Та бүхэнд энэ мэдэгдлийг хүргүүлж байна. МАХН-ын 25 дугаар их хурлаар ойрын жилүүдэд баримтлах намын бодлогыг тодорхойлж  Бага хурал, Удирдах зөвлөлд хэрэгжүүлэх үүргийг өгсөн. Гэтэл  намын бодлого, Их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох үүрэгтэй Бага хурал үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаагаас намын боловсон хүчний бодлого, гишүүдийн ёс зүйн талаар дэвшүүлсэн зорилт биелэхгүй, хоосон тунхаг болон орхигдож байна. Ийнхүү Намын их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй орхигдуулж байгаа удирдлагуудад хариуцлага тооцох ёстой атал намын их хурлаар баталсан шинэчлэлийн баримт бичгүүдэд тодорхойлсон зорилтуудын хэрэгжилт хангалтгүй байгааг шүүмжилсэн жирийн гишүүдэд хариуцлага, сахилга тооцож байгаа нь нүдээ олсон зүйл гэж үзэхгүй байна. УИХ-ын 2008 оны сонгуульд оролцсон намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажиллагааг удаашруулснаас олон түмнийг  бухимдалд хүргэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй.  

Намын ямар нэг  албан тушаалтнаас хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулан намын дүрмийн хэрэгжилт, боловсон хүчний бодлогод хяналт тавих үүрэгтэй Хяналтын Ерөнхий Хороо нь  удирдлагын дохио зангаа, захиалгаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага болж байгаа нь өдөр ирэх бүр улам  мэдрэгдэж байна. Намын Удирдах Зөвлөл, Хяналтын Ерөнхий Хороо дүрмийн бус ажиллагаа явуулж  намын анхан шатны байгууллага /НАШБ/-ын эрхийг булаан авч шийдвэр гаргаж байгаа нь  мянга мянган гишүүдийн  илтгэл алдрахад  хүргэж байна. Намын Их хурлын онцгой бүрэн эрхэд халдаж, намын дүрмэнд өөрчлөлт оруулах төслийг намын Бага хурлаар хэлэлцэх гэж байгаа нь олон ургальч үзлийг хаан боогдуулах, намын дотоод ардчиллыг хумих, удирдлагын алдаатай бодлогыг шүүмжилснийхээ төлөө жирийн гишүүд хариуцлага хүлээдэг буруу жишиг тогтож, МАХН олон түмний нам биш, цөөнх хэсэг бүлгийн эрх ашгийг илэрхийлсэн нам болгоход хүргэнэ гэж үзэж байна. МАХН-ын 25 дугаар Их хурлаас гаргасан тогтоолын дагуу манай намын дарга Ерөнхий сайд байх ёстой. Гэтэл энэ асуудлыг шийдэхгүй орхиж байгаа нь намын эв нэгдэлд ан цав суулгаж, улмаар 1996 оны гашуун туршлага давтагдаж ч магадгүй гэж бид сэтгэл зовниж байна.  Энэ бүхнийг үндэслэж дараах шаардлагыг намын Бага хурлын гишүүдэд хүргүүлж  та бүхний эрүүл саруул оюун ухаанд найдаж байгаагаа илэрхийлж байна.МАХН-ын 26 дугаар Их хурлыг 2010 оны зургаадугаар сард багтаан хуралдуулах шийдвэр гаргах, "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрээс 25 дугаар их хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар Бага хуралд илтгэл оруулж, хэлэлцүүлэх, Энэ удаагийн Бага Хурлаар 25 дугаар их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх дүрмэнд заагдсан үүргээ биелүүлээгүй намын Удирдах Зөвлөлийг огцруулах, Намын дүрмийг  зөрчсөн Хяналтын Ерөнхий Хорооны дарга Л.Дондогийг огцруулах. Сахилга батыг чангатгах, хариуцлага тооцох нэрийн дор намын дотоод ардчилал, гишүүний дүрмээр олгогдсон эрх, үүргийг зөрчсөн шийдвэр гаргахгүй байх. Эдгээр шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүр нь  дэмжигч гишүүдийн  чуулганыг улсын хэмжээнд зохион байгуулж  дараагийн алхмаа тодорхойлох болно.

МАХН-ын    "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүр

2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр      Улаанбаатар хот
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж