Хурууныхаа хээг өөрчилсөн ч бараг нэмэргүй

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Хурууныхаа хээг өөрчилсөн ч бараг нэмэргүй

АНУ-д гэмт хэргийн сэжигтнүүд өөрсдийгөө нуун далдлахын тулд хурууныхаа хээг гэмтээж өөрчлөх хандлага улам бүр их болж байна гэж хуулийн байгууллагын ажилтнууд ярьж байгаа талаар “CNN” агентлаг мэдээллээ. Энэ сарын эхээр Массачусетс мужийн холбооны прокурорууд гурван хүнийг “хууль бус гадаадын харъяатуудад хурууны хээг нь мэс заслын аргаар өөрчилж тусалсан” хэмээн ялласан гэж АНУ-ын прокурорын албанаас гаргасан мэдээнд өгүүлжээ. Яллагдаж байгаа хүмүүсийн нэг болох Хосе Элиас Зайтер-Поу Доминиканы Бүгд Найрамдах Улсаас гаралтай эмч бөгөөд хүмүүсээс 4,500 ам.долларын төлбөр аван хурууны хээг нь өөрчилдөг байсан байна.
Холбооны Мөрдөх Товчооны (ХМТ) Эрүүгийн хэргийн мэдээллийн үйлчилгээний хэвлэлийн төлөөлөгч Стефен Г.Фишерийн ярьж байгаагаар тус байгууллага өдөрт 200,000 хурууны хээний мэдээлэл авдаг бөгөөд гэмт хэрэгтнүүд нөхцөл байдал болон гэмт хэрэгтэйгээ холбоотойгоор хурууныхаа хээг гэмтээж, өөрчилдөг гэнэ. “Зарим нь хуруугаа зажилдаг бол зарим нь хутга хэрэглэх буюу тамхи, хүчлээр түлэх зэрэг аргаар оролдоог. Зарим ноцтой гэмт хэрэгтнүүд, эсвэл чинээлэгүүд нь тусгай мэс засалч дээр очин өөрчлүүлдэг” гэж тэр ярьжээ.
Хэдийгээр энэ асуудлын талаар нарийн үндэслэлтэй мэдээлэл судалгаа байхгүй хэдий ч ХМТ-ний шинжээчид сүүлийн хэдэн жилийн дотор сэжигтнүүд хурууныхаа хээг өөрчлөх хандлага ихтэй байгааг ажигласан байна. Гэвч мөрдөн байцаах салбарын технологид гарч байгаа дэвшилтэй холбоотойгоор хурууны хээгээ өөрчилж, хуруугаа ноцтой гэмтээсэн ч энэ нь үр дүн муутай байх болно гэнэ. “Бид одоогоос 10-15 жилийн өмнө таньж чаддаггүй байсан хурууны хээг одоо таньж чаддаг болсон. Тиймээс өөрсдийгөө зовоож ингэж хурууныхаа хээг өөрчлөх гэж оролдох нь үр дүн багатай. Гэмт хэрэгтнүүд хуруугаа гэмтээвэл асуудлаас мултарч чадна гэж буруу ойлгодог бололтой. Ингэдэг хүмүүс ихэвчлэн ноцтой гэмт хэрэг хийсэн хүмүүс байдаг” гэж Массачусетс Мужийн Цагдаагийн мөрдөн байцаагч хурандаа Кеннет Мартин ярьж байна.
Хурууныхаа хээг өөрчлөх гэж оролдох нь тийм ч шинэ явдал биш. 1930-аад оны үед зартай банк дээрэмдэгч Жон Дилингер хурууныхаа үзүүрийг хүчлээр түлж, хээг нь өөрчлөх замаар өөрийгөө таниулахгүй байхаар оролдож байсан гэж Колумб дүүрэгт байдаг Үндэсний гэмт хэрэг, шийтгэлийн музейн баримт өгүүлж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж