Б.Номин өнөөдөр барилдана

Хуучирсан мэдээ: 2010.07.25-нд нийтлэгдсэн

Б.Номин өнөөдөр барилдана

Манай чөлөөт бөхийн шигшээ багийн залуу тамирчид Унгарын нийслэл Будапешт хотноо зохиогдож буй залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа билээ. Харин өчигдөр эрэгтэйчүүдийн 50, 60, 74 болон 96 кг-ын жингийн барилдаан болсноос манай улсаас Б.Төгс 50 кг-д, Б.Хас-Эрдэнэ 60 кг-д зодоглосон юм. Харамсалтай нь, манай хоёр бөх хоёул дагах барилдаанд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

Б.Төгс эхний тойрогт хийлж, улмаар Гватемалагийн бөх Кристиан Хосе Мокс Ариасыг 14:1 харьцаатай илт давуу ялсан боловч Гүржийн бөхөд ялагдсан юм. Манай бөхийг ялсан Гүржийн бөх Лаша Талахазе цаашид амжилттай барилдаж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон учир Б.Төгс дагах барилдаанд зодоглосон ч АНУ-ын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

Харин 60 кг-д өрсөлдсөн Б.Хас-Эрдэнийн тухайд хэсгийн эхний тойрогт Туркменистаны тамирчин Маруд Рустамовыг ялсан бөгөөд удаахь барилдаандаа ОХУ-ын бөхөд ялагджээ. Гэхдээ манай тамирчин дагах барилдаанд зодоглох эрхтэй болж, улмаар нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Харин өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Б.Номин 55 кг-д өрсөлдөнө.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж