
Б.Төгс эхний тойрогт хийлж, улмаар Гватемалагийн бөх Кристиан Хосе Мокс Ариасыг 14:1 харьцаатай илт давуу ялсан боловч Гүржийн бөхөд ялагдсан юм. Манай бөхийг ялсан Гүржийн бөх Лаша Талахазе цаашид амжилттай барилдаж, аваргын төлөө барилдах эрхтэй болсон учир Б.Төгс дагах барилдаанд зодоглосон ч АНУ-ын бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.
Харин 60 кг-д өрсөлдсөн Б.Хас-Эрдэнийн тухайд хэсгийн эхний тойрогт Туркменистаны тамирчин Маруд Рустамовыг ялсан бөгөөд удаахь барилдаандаа ОХУ-ын бөхөд ялагджээ. Гэхдээ манай тамирчин дагах барилдаанд зодоглох эрхтэй болж, улмаар нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Харин өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Б.Номин 55 кг-д өрсөлдөнө.
С.Цэлмэг