Николай Давыденко Хамбургийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Николай Давыденко Хамбургийг орхилоо

Хамбургийн шороон талбай дээр үргэлжилж байгаа Германы нээлттэй тэмцээний шөвгийн наймд тоглох теннисчид өчигдөр тодорлоо. Энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга ОХУ-ын Николай Давыденко шөвгийн наймд шалгарахын төлөө Казахстаны Андрей Голубеевтай өрсөлдсөн юм. Хоёр теннисчин өмнө нь ганц удаа таарч тоглоход, дэлхийн чансааны №6 Давыденко хожиж байсан бол энэ удаад түүх эсрэгээрээ бичигдлээ. Дэлхийн чансааны жагсаалтад 82-рт эрэмбэлэгдсэн Голубеев эхний сетэд давуулалтаа алдаагүйгээр барахгүй брейк хийн 6:4 харьцаатай хожиж үзэгчдийн дэмжлэгийг хүлээсэн бол дараагийн сетэд ч давуу байдлаа алдсангүй. Хэдийгээр Давыденко Казахстаны теннисчний давуулалтыг авч, байдлыг хянах гэж оролдсон ч Голубеев хоёр удаа брейк хийснээр дахин 6:4 харьцаатай хожиж, нэг цаг хагасын дотор тоглолтыг ялалтаар дуусгажээ.
Тэмцээний чансааны №6-д бичигдсэн Испанийн Хуан Карлос Ферреро, Финляндын Ярко Ниеминэн нарын тулаан гурван сет үргэлжилсэн ч үзэгчдийг нэг их уйдаасангүй. Эхлээд Испанийн теннисчин 6:2 харьцаатай ялалт байгуулсан ч дараагийн сетэд Фин теннисчин хариуг нь барьж, 6:3 харьцаатай хожжээ. Ялагчийг тодруулах гурав дахь сетэд брейк хийж чадсан Ферреро 6:4-ийн харьцаатай хожиж шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр хамгийн сүүлд 2001 онд шороон талбай дээр шилдэг наймд шалгарч байснаас хойш анх удаа ийнхүү шөвгөрлөө.
Хуан Карлос Феррерогийн шөвгийн наймын өрсөлдөгчөөр Германы Флорен Майер тодорсон юм. Тэрбээр Аргентиний Максимо Гонзалесийг 7:6; 6:0-ийн харьцаатай хожиж шөвгөрчээ. Мөн Австрийн Юрген Мелцэр, Францын Жереми Чердиг 7:5; 7:6-гийн харьцаатай, Бразилийн Томаз Белуччи, Германы Филипп Кольшрайберийг 7:5; 6:4-өөр, Узбекистаны Денис Истомин, Германы Жулиан Райстэрийг 3:6; 6:3; 7:6 харьцаатай тус тус хожиж8 шилдэг наймын өрсөлдөөнд шалгарчээ. Дээрх найман теннисчин өмнө нь нэг ч удаа Хамбургийн тэмцээнд шөвгөрч байгаагүй учраас шинэ аваргаа Германы нээлттэй тэмцээн угтаж авах нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж