
“Tour de France 2010” олон өдрийн уралдааны ялагчийг шийдэх уралдаан гэгдэж байсан 17 дахь гараа эхнээсээ дуустлаа тэргүүлэгчдийн хоорондын тулаан болж өнгөрлөө. 174 км зайд болсон тус гарааны төгсгөлд найман секундын зөрүүгээ багасгахыг хичээсэн Люксембургийн Энди Шлек дайралт хийж, бариа хүрэхэд 10 км дутуу байхад тэргүүлж эхэлсэн ч уралдааныг ерөнхий дүнгээр тэргүүлэгч Альберто Контадор түүнээс огтхон ч салахгүй дагалдсаар цагийн зөрүүгүй барианд орсон байна.
“Saxobank” багийн дугуйчин Энди Шлек ийнхүү энэ жилийн хоёр дахь ялалтаа байгуулсан ч нийлбэр дүнд найман секунд алдсан хэвээр үлдлээ. Туршлагатай спринтер Альберто Контадор уралдааны дараа хэлэхдээ “Надад нэг гараанд ялах нь чухал биш, зөвхөн аварга болох нь чухал учраас өнөөдрийн амжилтандаа сэтгэл хангалуун байна” гэжээ.
Испани дугуйчин одоо бямба гаригт болох цагийн уралдаанд өрсөлдөгчдөө найман секунд алдахгүй бол тэмцээнд аваргалах нь бараг тодорхой болж байна. Харин түүний өрсөлдөгч Энди Шлек сэтгэлээр унахгүй байна. Тэрбээр “Өнгөрсөн жил би Альберто Контадороос дөрвөн минутаар хоцорсон. Харин одоо наймхан секунд биднийг зааглаж байна шүү дээ. Энэ хугацааг өөрчилж болно” гэжээ.
Өнгөрсөн жилийн Tour de France уралдаанд Алберто Контадор аваргалж хошой аварга болсон бол Энди Шлек удаалж байсан юм. Харин энэ жил дахин хоёр дугуйчин аваргын төлөө өрсөлдөж байна. Гэтэл Tour-ын долоон удаагийн аварга алдарт Лэнс Армстронг өрсөлдөөнөөс аль хэдийнэ хасагдаж, нийлбэр дүнгээр 23-р байрт бичигдэж байна.