
Эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд ОХУ-ын тамирчин Иван Ухов энэ жилийн хоёр дахь түрүүгээ авсан юм. Хойд хөршийн тамирчин 2,34 метр өндөрт харайн ялснаар супер хожлыг авах боломжтой болсон юм. Эмэгтэйчүүдийн 100 метрт Америкийн Кармелита Жеттер болон Ямайкийн Вероника Кэмпбел-Браун нарын хооронд ялагчийн төлөөх өрсөлдөөн өрнөж, 10,82 секундээр Америкийн тамирчин ялалт байгуулжээ. Эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын тэмцээнд Бразилийн Фабиана Мурер 4,80 метрт харайж аваргалсан бол эмэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтэд Ямайкийн Калиэс Спэнсер тэргүүлж, сюрприз барьсан юм. Тэрбээр 53,63 секундээр эхний байрыг эзэлсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн гурвалсан харайлтын төрөлд Кубын Яргелис Савинэ 15,09 метрээр тэргүүллээ. Харин эрэгтэй уртын харайлтад Америкийн Дуайт Филипс 8,46 метрийн амжилттай аваргалсан байна.
Энэ удаагийн Монакогийн Даймонд лигт дэлхийн шилдгүүд оролцоогүй нь үзэгчдийн урмыг хугалсан юм. Ганцхан эрэгтэйчүүдийн 200 метрийн уралдаан л үзэгчдийн сэтгэл хөөрлийг дээд цэгт нь хүргэж, Америкийн Тайсон Гей 19,72 секундэд түрүүлж, барианд орсон байна. 110 метрийн саадтай гүйлтэд дэлхийн рекордыг эвдэнэ гэж амласан Америкийн тамирчин Дэвид Оливер зорилгодоо хүрч чадаагүй ч түүний үзүүлсэн 13,01 секунд нь Монакод ялалт байгуулахад хангалттай байсан юм.