Хакухо, Тайхогийн амжилтыг давтана

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Хакухо, Тайхогийн амжилтыг давтана

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёгийн 13 дахь өдрийн барилдаан өнөөдөр болох билээ. 12 даваатай зуун хувийн амжилтаар башёг ганцаараа тэргүүлж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн озэки Котоошютай барилдах бөгөөд хэрэв давсан тохиолдолд дараалан авсан ялалтынхаа тоогоор домогт Тайхо аваргын 45 давсан амжилттай зэрэгцэх юм. Их аварга Хакухо башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд Оросын сумоч Араныг давснаар сумо бөхийн 68 дахь ёкозуна Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтыг эвдсэн билээ.
Башёгийн 12 дахь өдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Барутотой, комүсүби Хакуба А.Өнөржаргал сэкиваки Котошогикүтэй, харин Токитэнкү А.Хүчитбаатар Точиношинтой тус тус барилдана. Мөн өнөөдөр Асасэкирюү Б.Дашням Какизоэтэй, Моконами Г.Базарсад Ваканосатотой, Токүсэгава Б.Ганболд Коккайтай барилдах бол Какурюү М.Ананд, Кёкүтэнхо Н.Цэвэгням нар хоорондоо барилдахаар оноолт таарсан байна. Түүнчлэн Шотэнро Д.Нямсүрэн Тосаюүтакатай, Тамаваши Б.Мөнх-Оргил жюүрёгийн тэргүүн бөх Котокасугатай барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж