
Багаа амжилтанд хүргээгүй дасгалжуулагч ажлаа хүлээлгэн өгдөг бичигдээгүй хууль хөлбөмбөгийн ертөнцөд үйлчилдэг. Тэгвэл Өмнөд Африкт анх удаа болсон 19 дахь удаагийн дэлхийн аваргын үеэр олны анхаарлын төвд байсан Аргентиний шигшээ баг ганзага хоосон гэрийн зүг буцсан. Буцах буцахдаа дөрөвний нэг шигшээд Германд 4:0 харьцаагаар гутамшигтай ялагдсан. Үүнтэй холбоотойгоор домогт хөлбөмбөгч Диего Марадонаг ажлаас нь чөлөөлөх уу, эсвэл гэсэн асуулт гарсан юм. Тэгвэл үүний хариу болгож Аргентиний хөлбмбөгийн холбооны ерөнхийлөгч Хулио Горондона олон нийтэд мэдэгдэл хийсэн байна. “Өмнөд Африкт бид тийм ч муу амжилт гаргаагүй. Тавдугаар байрт шалгарна гэдэг өнгөрсөн дэлхийн аваргын амжилтыг давсан үзүүлэлт юм. Энэ бол Диего Марадонаг зөвтгөх маш том шалтгаан. Тэр шигшээ багтаа, дасгалжуулагчийн суудалдаа үлдэх ёстой” гэжээ. Нэгэнт холбооны ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийсэн болохоор Марадона ямар ч асуудалгүй гэрээгээ сунгах нь ойлгомжтой. Түүнд 2014 он хүртэл буюу 20 дахь удаагийн дэлхийн аварга дуустал гэрээгээ сунгах санал тавихаар болсон байна. Талууд маргааш уулзаж албан бичгээ үзэглэнэ.