Энэхүү лекцийн онцлог нь гадаадад амжилттай ажиллаж амьдарч өндөр боловсрол эзэмшсэн чадварлаг иргэдийнхээ эх орноо хөгжүүлэх үзэл санаа, хүсэл зорилгод дэм өгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тэдний сайн санал санаачилгыг дэмжих зорилготой юм. Нөгөө талаар энэ жил анх удаагаа зохион байгуулагдаж байгаа лекцийн үндсэн сэдэв нь мэдээллийн технологи, ноу хау-д чиглэж байгаа нь Монгол Улсын мэдлэгт суурилсан хөгжлийг бүтээхэд үнэ цэнэтэй алхам гэж үзэж байгаа юм. Лекцийн үеэр гадаадад эх орныхоо нэрийг өндөрт өргөн яваа зарим иргэнээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойг тохиолдуулан шагнаж урамшуулсныг гардуулсан юм. Тухайлбал “All state Insurance”корпорацийн Ахлах зөвлөх Ширчингийн Баатарыг “Алтан гадас” одонгоор, АНУ дахь Монгол соёлын төвийн тэргүүн, хэл судлалын ухааны доктор М.Саруул-Эрдэнийг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнасан юм.
Тус лекцийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх А.Ганбаатар оролцож гадаадад байгаа Монголчуудынхаа тухай Ерөнхийлөгчийн баримталж буй бодлогыг танилцуулав. Тэрээр, “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадад ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа монголчуудынхаа эх орноо хөгжүүлэх гэсэн санал санаачилга бүрийг дэмжин ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийхээ дагуу олон ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал гадаадад амьдарч буй Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэднийг эх орондоо ирж ажиллаж амьдрах, бүтээн байгуулах үйлсэд оролцох эрх зүйн орчин, эдийн засгийн дэмжлэгийг бий болгох зорилгоор “Зөгийн үүр” төслийг Ерөнхийлөгч хүчтэй дэмжиж байгаа. Мөн өнөөдрийн зохион байгуулж буй лекцийн арга хэмжээ ч бас гадаадад байгаа монгол мэргэжилтнүүдээ эх орондоо татах, тэдний туршлагыг сонсох зорилготой юм. Мөн гадаадад байгаа монголчуудын “нэгэн хэсэг” болох олон зууны туршид дэлхийгээр тархан суурьшсан монголчуудынхаа түүх соёл, өвийг хамгаалах талаар их зүйлийг хийхээр зорьж байна. Саяхан Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монголын төлөө зүрх бүхэнд” нэртэй дэлхийгээр тархан суурьшсан Монголчуудын тухай фото зургийн үзэсгэлэн Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдлаа. Мөн саяхан Буриад Улсад болсон Дэлхийн Монголчуудын дөрөвдүгээр чуулга уулзалтад Хүндэт Ерөнхийлөгчөөр оролцон үг хэлж өндөр ач холбогдол өгч байгаа” хэмээн онцлов. Түүний дараа тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ, “Өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил эзэмшсэн залуус маань, мэдлэг туршлагаа эх орондоо нутагшуулах чин эрмэлзэлтэй байдгийн нэг тод жишээ нь өнөөдөр зохиогдож байгаа арга хэмжээ болж байна. Та бүхний эх орноо гэсэн сэтгэл бүхнийг, хөгжлийн төлөө гэсэн зүтгэл бүрийг миний бие дэмжин ажиллах болно” хэмээн онцолжээ.
Лекцийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://summer.monamerchamber.org