Крис Пол солигдох хүсэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Крис Пол солигдох хүсэлт гаргалаа

Крис Пол “Нью Орлеанс Хорнетс” багт солилцоонд оруулж өгөх хүсэлтийг гаргахаар уулзалт товложээ.
Пол шинэ дасгалжуулагч Монти Уиллиамс, шинэ менежер Дэлл Демпс болон багийн ерөнхийлөгч Хью Уэббэртэй орон нутгийн цагаар даваа гаригт уулзалдах тов тогтоосон байна. Энэ уулзалтаас бүх одод хамгаалагч солигдох эсэх нь шийдэгдэх юм. Хэрэв солигдохоор болвол боломжит хувилбарууд нь “Нью Йорк Никс”, “Орландо Мэжик” багууд байх биз.
Одоо 25 настай Пол үлдсэн хоёр жилийн гэрээгээ цуцлах эрхгүй учраас ийнхүү уулзалтыг хийх гэж байгаа юм.
Мэдээж хэн ч ялагч байхыг хүснэ. Тэр дундаа одоо цаг үед NBA-ыг тодорхойлж байгаа тоглогчдын нэг байвал. Гэтэл “Хорнетс” түүнд аварга авахаар бүрэлдэхүүнийг авчирсангүй. 2008 онд бүсийн хагас шигшээд “Сан Антонио Спөрс” багт 4:3 харьцаатай хожигдсон жилдээ Пол ирээдүйн амжилтыг ихээр төсөөлж, дөрвөн жилийн 68 сая ам.долларын гэрээг хүлээн авсан юм.
Гэвч түүнээс хойш бүх зүйл буруугаар эргэсэн юм. Өнгөрсөн улиралд өөрөө маш олон тоглолтыг бэртлийн улмаас өнжиж, улмаар баг нь Тайсон Чандлерыг сольж, дасгалжуулагч Байрон Скоттыг ажлаас нь халсан билээ. Оронд нь өөр сайн тоглогчдыг авчирсангүй. Тэгээд плей-оффын гадна үлдсэн.

Мөн энэ зун чөлөөт агент болсон төвийн тоглогч Аарон Грэйг эргүүлэн авснаас өөр олигтой шилжилт хөдөлгөөнийг хийгээгүй. Тэгэхээр аваргын төлөө өрсөлдөгч баг байхгүй нь ойлгомжтой болсон.
Ийм л учраас Крис Пол багаа орхихыг хүсч байгаа юм.
Харин түүнийг явуулах нь “Хорнетс”-ийн хувьд эрсдэлтэй алхам. Одоо ордонд цуглаж байгаа үзэгчдийн дийлэнх нь Полын тоглолтыг үзэхээр тасалбар худалдан авдаг. Тэр зөвхөн сагсан бөмбөгөөр олныг байлдан дагуулаагүй, Катрина хар салхины дараа хийсэн сайн үйлсээрээ хотынхоо иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээн авсан юм.
Солилцоонд орлоо гэсэн тохиолдолд аль баг руу очих нь сонирхолтой. Двайт Ховардын “Орландо Мэжик” үү, эсвэл Кармело Антонигийн хуриманд оролцохдоо түүний хамтаар Амаре Стадмайртай нэгдэх талаар нууцхан тохиролцоо хийгдэв үү.
Юу ч болохыг үгүйсгэхгүй. Яг л Майами 2008 онд л одоогийн их гурвалыг бүрдүүлэх яриагаа аль хэдийн хийчихсэн байсан шиг зүйл болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ багийн менежерүүд эцсийн тохиролцоог хийнэ.
Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж